ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх болон бусад удирдлага Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны Агро аж үйлдвэрийн цогцолборын боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, давтан сургах хүрээлэнгийн захирал, хөдөө аж ахуйн болон эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Н.К.Яковчикийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж тодорхойллоо.
Үүний дүнд 1) Судлаач солилцох, 2) Богино хугацааны сургалт зохион байгуулах, 3) Оюутны 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, 4) Судалгааны хамтарсан зөвлөл байгуулах гэсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож хоёр тал гарын үсэг зурлаа. Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгч А.Лукашенкогийн энэ оны тавдугаар сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулагдах хэлэлцээрт дээрх чиглэлүүд тусгагдсанаар хоёр талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэх боломж бүрдэх болно.
Дашрамд дурдахад энэ оны нэгдүгээр сард Минск хотод хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд ХААИС-ийн ректор Б.Баасансүх оролцох үеэрээ Беларусийн ХАА-н техникийн их сургуульд зочилж хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Беларусийн Агро аж үйлдвэрийн цогцолборын боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, давтан сургах хүрээлэн нь тус их сургуулийн дэргэдэх сургалтын байгууллага юм.