Олон улсын оюутны чуулганд оролцох оюутан шалгарлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-21 11:48:06

Япон Улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг 23 дахь удаагийн Оюутны олон улсын чуулга уулзалтад оролцож, илтгэлээ хэлэлцүүлэх оюутнаар МААБС-ийн Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт үнэлгээний IV курсийн оюутан С.Энэрэл шалгарлаа.

Энэ удаагийн чуулга уулзалт “Youth Actions and Collaboration towards Resilient Food Systems and Environmental Conservation” сэдвийн хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Токио хотноо болох юм. Оюутнууд дээрх агуулгын хүрээнд хог хаягдлыг дахин боловсруулах, зудын эрсдэлийг бууруулах, хүнсний хангамж-аюулгүй байдал, байгаль орчны хамгааллын чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ англиар хэлэлцүүллээ.

Шүүгчдийн нийлбэр дүнгээр МААБС-ийн Бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт үнэлгээний IV курсийн оюутан С.Энэрэл нэгдүгээр байрт шалгарч олон улсын оюутны чуулганд илтгэлээ хэлэлцүүлэх болзол хангав.

Шүүгчээр ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Эрдэм шинжилгээ, инновацын газрын  Судалгаа, инновацын албаны дарга, доктор Б.Баярмаа, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Д.Гэрэлтуяа нар ажиллав.

Тэргүүн байранд шалгарсан болон оролцсон оюутнууд, шүүгч нартаа баярлалаа.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн алба