Мэргэжлээрээ Монголдоо болон Солонгос улсад ажиллах бүрэн боломжтой

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-21 16:48:18

БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн магистрант М.Лхагвадулам:

МЭРГЭЖЛЭЭРЭЭ МОНГОЛДОО БОЛОН СОЛОНГОС УЛСАД АЖИЛЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийг хос хөтөлбөрөөр төгсөж, өдгөө магистрантад үргэлжлүүлэн суралцаж буй М.Лхагвадуламын сэтгэгдлийг хүргэж байна.


ХААИС-ийн хос хөтөлбөрөөр суралцахын давуу тал юу байсан бэ?

Монголдоо солонгос хэл сураад ирж байсан болохоор эхний улирлыг эс тооцвол хэлний бэрхшээл бага байсан. Хувиараа ирж сурч байгаа оюутнуудтай харьцуулахад маш их цаг хугацаа, мөнгө хэмнэж чадсан. Мэдээж хос дипломтой төгсөж байгаа нь давуу талтай. Хэлээ сурч ирсэнээрээ хичээлдээ анхаарлаа хандуулах боломж гардаг.

Ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ?

БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийг хөдөө аж ахуйн эдийн засаг мэргэжлээр төгссөн. ХААИС-даа эхний хоёр жил суралцаад хос дипломтой төгсөж байна.

- Мэргэжлээрээ ажилд орж чадсан уу?

Төгсөөд сургуульдаа үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа болохоор ажилд орохыг хойшлуулсан байна.

Тус сургуульд суралцаж төгссөнөөрөө ямар боломжийг олж харсан бэ?

Төгсөх курсийн оюутнууд ажилд зуучлах программ байдаг болохоор мэргэжлээрээ Монголд болон Солонгос улсад ажилд орох бүрэн боломжтой. Өөрийн танилцуулга анкетыг бичих, ярилцлаганд бэлтгэх сургалт, ажил зуучлах программ байдаг.

- Солонгос орон, сурч байгаа сургуулийнхаа ямар соёлыг эх орондоо нэвтрүүлмээр, нутагшуулмаар санагдсан бэ?

- Чонбукийн үндэсний их сургууль нь хичээлээс гаднах оюутны хөгжлийн хөтөлбөр олонтой нь маш их таалагдсан. Төрөл бүрийн дугуйлан, гадаад болон солонгос хэлний хичээл, аялал, солонгос туслах оюутан, багш гэх мэтээр олон боломжийг олгодог.

- Хос хөтөлбөрийг цаашид хэрхэн хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож байна вэ?

- Миний хувьд анх ирэхдээ тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй байсан ч ярихдаа сайн биш байсан учир эхний үед бага зэрэг хэцүү байсан. Тийм болохоор оюутнууд ярих чадвараа сайржуулахад илүү анхаарах хэрэгтэй юм билээ. Мөн өмнө нь ирсэн монгол оюутнуудтай холбож өгвөл шинэ оюутнуудад их тус болох байх гэж бодож байна.

- Суралцах хугацаанд бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

Гадаад улсад ганцаараа сурч байгаа болохоор ганцаардах, гэр бүл, эх орноо санах, шантрах үе байсан. Сургуулийн систем, хичээл нь хүнд байдаг учир багш нар нь их шахдаг. Солонгос болон гадаад оюутнуудтай зэрэгцэн сурах нь гоё ч ижил түвшинд суралцана гэдэг амар биш байсан.

Гадаад харилцаа, түншлэлийн алба