ХААИС-ийн Агроэкологийн сургууль, АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжилтний цогц чадамж семинар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, дэд профессор А.Буянбаатар, АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, профессор Д.Цэнд-Аюуш нар нээж үг хэллээ.
Экспортын эмийн түүхий эдийн чанарыг шалгах, эмийн түүхийн эдийн байгаль дахь нөөцийг хамгаалах, хомсдлыг бууруулах, тарималжуулах, эмийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, уламжлалт анагаах ухааны жорын технологийг хөгжүүлэхэд эмийн ургамлын эмчилгээ, жорын мэдлэгтэй, ургамлыг тарих, ургуулах, түүх, хадгалах технологийг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжилтнийг бэлтгэх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж ХААИС-ийн Агроэкологийн сургууль эмийн ургамал тарималжуулах, судалгаа туршилт, түүхий эд, түүхий эдийн нөөц, АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургууль сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийг хариуцан бэлтгэх юм.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас хөтөлбөрийн зохицуулагч, Таримал судлал, ой, ланфшафт архитектурын тэнхимийн багш, доктор Т.Насанжаргал, АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургуулиас хөтөлбөрийн зохицуулагч, Уламжлалт жор судлалын тенхимийн багш, доктор дэд профессор Ж.Байгалмаа нар ““Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжилтний ажлын байрны тодоройлолт” илтгэлд энэхүү мэргэжлийн зорилго, эзэмших ур чадварыг ингэж тодорхойлсон байна.
“Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжилтэн нь газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Монгол эмэнд ордог эмийн ургамлын (ялангуяа ховор, нэн ховор, устаж буй) генийн санг хамгаалах, түүнийг тарималжуулах, хураах, хадгалах, уламжлалт эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ургамлын эрүүл ахуйн дэглэмийг хэрэгжүүлсэн GMP стандартын эмийн үйлдвэрүүдийг цэвэр түүхий эдээр хангах зэрэг үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулах мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн байна.
ХААИС-ийн Өмнөговь аймаг дахь “Агро- ойн аж ахуй”, Говь-Алтай аймгийн Тайшир, Бигэр суман дахь “Агро инновац”, Төв аймгийн Партизан дахь “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” сургалт судалгаа, үйлдвэрлэлийн төвүүдэд Хунчир, Чихэр өвс, Лидэр, Дэрэвгэр жиргэрүү, Чиа үр зэрэг 40 гаруй эмийн ургамлыг тарималжуулж байгаа нь “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжилтэн бэлтгэхэд суурь болж өгөх юм.
Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгчдийн зүгээс “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” бэлтгэх сургалтын хөтөлбөрийн танилцуулга, мэргэжилтний төгсөгчийн загвар, карьерын өсөлт, цогц чадамж, ажлын байрны тодорхойлолтын талаар илтгэл тавьж мэргэжилтнийг бэлтгэх сургуулиуд, эрдэмтэн судлаачид, ажил олгогч байгууллагуудын төлөөллүүдээр хэлэлцүүлж саналыг хөтөлбөртөө тусгаж улам сайжруулж ажиллахаар болов.
“Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач” мэргэжлийг эзэмшсэнээр ХХААХҮЯ, БОЯ, ЭМЯ, 21 аймаг, нийслэл, хийлийн мэргэжлийн хяналтын газар, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын лаборатори, их, дээд сургууль, салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, уламжлалт эмийн үйлдлвэр, эмийн ургамлын тарималжуулалт, экспортын компани, газар тариалангийн үйлдвэрлэл, аж ахуй нэгжид мэргэжлээрээ ажиллах боломжтой.