ӨМӨЗО-ны Хөх хотын үндэсний дээд сургуулийн намын дарга Лиу Зиуван Ан, Хөх хотын үндэсний дээд сургуулийн Угсаатны зүйн сургуулийн декан, дэд профессор Чингсэчин, Захиргааны албан дарга, гадаад харилцааны албаны дарга нар ХААИС-д зочлон, сургуулийн ректор Б.Баасансүх, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга нар хүлээн авч уулзлаа.
ӨМӨЗО-ны Хөх хотын үндэсний дээд сургууль нь нийгмийн шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, экологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, 8700 оюутантай, 700 гаруй багш ажилтантай, мэргэжлийн 42 хөтөлбөр, сурган, цахим, хүмүүнлэгийн чиглэлийн магистрын 3 хөтөлбөртэй, нийт оюутны 62% нь монгол хэлээр хичээл үздэг байна.
Уулзалтаар нийгмийн шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, экологийн чиглэлээр магистрын хамтарсан хөтөлбөр, 2+2, 3+1 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцож ХААИС-иас багш болон оюутан солилцооны хөтөлбөр, танилцах дадлага хийх тодорхой саналуудыг тавьж Хөх хотын үндэсний дээд сургууль хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хамтын ажиллагааг эхлүүлж Хөх хотын үндэсний дээд сургуулийн 5 оюутан ХААИС-ийн магистрийн хөтөлбөрт элсэн суралцаж байна.