ХААИС-ийн удирдлагууд БНХАУ-ын Жун Юань Хуашин холдинг группийн ерөнхийлөгч Ли Ли, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Жин Шиао Хан,Үйл ажиллагаа хариуцсан захирал Ву Юу, Жэнжоугийн аж үйлдвэрийн хэрэглээний технологийн дээд сургууль, Линьжоугийн архитектур технологийн коллежийн ТУЗ-ын дарга Гу Жиангуан, Жэнжоугийн Аж үйлдвэрийн хэрэглээний технологийн дээд сургуулийн захирал Ян Бин, Линьжоугийн архитектур технологийн коллежийн захирал Жан Кинхуа нарыг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар барилгын инженер, архитектурын чиглэлээр олон улсын сургууль байгуулах, үйлдвэрлэлийн танилцах, туршлага солилцох дадлага, багш болон оюутан солилцооны хөтөлбөр, уламжлалт эм судлал, хиймэл оюун ухаан, хот төлөвлөлт, барилга байгууламжийн чиглэлээр бакалаврын 2+2, ахисан төвшний 1.5+1.5, 2+1, 3+1 хөтөлбөр хэрэгжүүлэх, Жун Юань Хуашин холдинг группийн 10000 гаруй багш ажилтныг мэргэжил дээшлүүлэх өвөл, зуны амралтын, богино хугацааны сургалт зохион байгуулах зэрэгт бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй байна гэдгээ хоёр тал харилцан илэрхийлж ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Жэнжоугийн Аж үйлдвэрийн хэрэглээний технологийн дээд сургуулийн захирал Ян Бин, Линьжоугийн архитектур технологийн коллежийн захирал Жан Кинхуа нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Жун Юань Хуашин холдинг групп нь 1994 онд байгуулагдсан, одоогоор 10 тэрбум юанийн хөрөнгөтэй, 10 000 гаруй ажилтантай бөгөөд эрүүл мэнд, боловсрол, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Групп боловсролын салбараа Жэнжоугийн аж үйлдвэрийн хэрэглээний технологийн дээд сургууль -Линьжоугийн архитектур технологийн коллеж - ахлах сургуулийн шаталсан системээр иж бүрэн тогтолцоо болгон хөгжүүлжээ.
Жэнжоугийн Аж үйлдвэрийн хэрэглээний технологийн дээд сургууль нь 1997 онд байгуулагдаж анагаахын сургууль, инженер технологиийн сургууль, мэдээллийн технологийн сургууль зэрэг 15 бүрэлдэхүүн сургууль, 2700 багш ажилтантай, 90 гаруй хөтөлбөрөөр 38000 оюутан суралцаж, өнгөрсөн 27 жилийн хугацаанд 200000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бол Линьжоугийн Архитектур технологийн коллеж нь 1999 онд байгуулагдсан 15000 оюутантай, барилгын чиглэлийн бүхий л мэргэжилтэнг бэлтгэхээс гадна дрон, цахилгаан машины сургалт, үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж байна. Дээрх хоёр сургуулийг жилдээ 20000 гаруй оюутан төгсдөг байна.