ХААИС, БНХАУ-ын Хөнанийн Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан 3+1 хөтөлбөрийн болзолыг хангасан оюутнуудыг ХААИС-ийн Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, албаны дарга Б.Дуламсүрэн, Гадаад харилцаа, түншлэл хариуцсан мэргэжилтэн Р.Батчимэг, “Шар мөрөн” сургалт, судалгааны төвийн Хөнанийн Хөдөө аж ахуйн их сургуулийг хариуцсан төлөөлөгч Д.Баяржаргал нар хүлээн авч уулзан суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.
ХААИС, БНХАУ-ын төрийн өмчийн Хөнанийн Хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүдээс “Шар мөрөн” сургалт судалгааны төвийг 2019 онд байгуулан 3+1 хөтөлбөр, Англи, хятад хэлний хамтарсан хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж 3+1 хөтөлбөрийн анхны оюутнууд 2023 онд амжилттай суралцаад ирсэн байна.
ХААИС-иас 2024 онд 3+1 хөтөлбөрт Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологийн ангийн 5, Инженер, технологийн сургуулийн Хүнсний инженер ангийн 4, нийт 9 оюутан Хөнанийн Хөдөө аж ахуйн их сургуульд суралцахаар шалгарсан байна.
Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга оюутнуудад суралцах эрхийн бичгийг гардуулан баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Сургууль болон эх орныхоо нэрийг өндөрт өргөн хичээнгүйлэн суралцаж, дараагийн оюутан дүү нартаа шинэ боломж, шинэ зам нээхийн зэрэгцээ өөрийнхөө болон эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаарай” хэмээн захиж сурлагын өндөр амжилт хүслээ.
Хоёр их сургууль 3+1 хөтөлбөрийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж суралцах оюутны тоог жил бүр нэмэгдүүлсээр байна.