Сайн байцгаана уу?
Та бүхэндээ Токио хотод зохион байгуулагдсан 23 дахь удаагийн “Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин”-д чиглэсэн олон улсын оюутны хуралд оролцсон сэтгэгдэлээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү хурал нь орон орны оюутан залуус цуглан үзэл бодлоо солилцон, өөр өөрсдийн хувьд тогтвортой хөгжилд хэрхэн үүрэг хүлээж байгааг ярилцах боломжийг олгодог.
Энэ жилийн хувьд “Youth actions and collaboration towards resilient food systems and environmental conservation” сэдвийн дагуу 21 орны 29 илтгэгч мөн чиглүүлэгч 16 оюутан гээд нийт 45 залуусын хүрээнд зохион байгуулагдлаа. Оюутнууд ямар аргаар, хэрхэн хувь нэмэр оруулж дэлхий дээр болж байгаа тогтвортой бус асуудлуудыг шийдэх вэ гэдгийг хэлэлцлээ.
Бүх зүйл яг цаг хугацаа, төлөвлөгөөний дагуу болж өнгөрсөн ба япон хүмүүс үнэхээр нямбай, ажилч хичээнгүй гэдгийг олж харсан. Хурлын үеэр олон орны оюутнуудын үзэл бодлыг сонсох, тэдний янз бүрийн соёлын ялгааг мэдрэх, бие биетэйгээ харилцан ярилцах үнэхээр шинэлэг байсан. Тэд хэдий өөр өөр орноос ирсэн, үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс, өссөн орчин өөр ч гэсэн нэг зорилгын төлөө бүгд өөрийн гэсэн санаа, өөрийн гэсэн саналаа танилцуулж байгаа нь бид нэгдэж чадвал ямар хүчтэй юм бэ гэдгийг мэдрүүлсэн. Оюутнууд бүгдээрээ өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, судалгааны ажлаа маш сайн хийсэн байсан. Бие биенээ сайн ойлгодог, тусалж дэмждэг, бүгд өөрийн гэсэн сайхан зан чанаруудыг агуулсан хүмүүс байлаа.
Сургуулийн хувьд кампус нь том, олон лаборатори, хичээлийн өрөө, спортын талбайтай, яг манай сургууль шиг бүх зүйл нь нэг дороо байрладаг тайван орчинтой газар байсан. Сургуулийн хамгийн гоё хэсэг бол “International center”-ийн 1 давхарт байрлах хамтарч ажилладаг сургуулиудын хэсэг. Очсон өдрийнхөө маргааш нь ороод өөрийнхөө сургуулийн логог тэнд байгааг хараад сургуулиараа бахархах, хайрлах мэдрэмж төрсөн. Бас бэйсболлын талбай, хөлбөмбөгийн талбай нь нэлээд том байсан. Сургуулийн түүхийг агуулсан он цагийн хэсэгтэй байсан нь яг л музей шиг, тэрийг хараад манай сургууль ч бас иймэрхүү хэсэгтэй болоод тохижуулвал гоё юм байна гэж бодсон. Аль болох оюутнуудыг өөрөөр нь хийлгэх, биеэ даалгах чиглэл рүү зааж сургадаг бас багаараа ажиллах нь хамгийн чухал зүйл.
Хурлын үеэр олон сонирхолтой зүйл сонсож, үүний дараа манай сургууль ч бас ялгаагүй энэ байдлаар оюутнуудаа нэгтгэж чадвал илүү олон шинэ санаа гарч, оюутнууд болон багш нарын хамтын ажиллагаа сайжирч чадах юм байна гэж дүгнэлээ. Энд өнгөрүүлсэн цаг хугацаа дурасамжаар дүүрэн, хөгжилтэй, олон мэдрэмжүүдийг авсан олон хүний өөр өөр ертөнцөөр аялсан өдрүүд байлаа. Манай улсад авч хэрэгжүүлэх олон зүйл байгааг харсан, манай сургуулийн хичээлийн хөтөлбөрүүд илүү нэмэгдэх, олон клубууд үйл ажиллагаа явуулах, тэр дундаа өөрсдийн соёлоо хадгалж үлдэх, хөдөө аж ахуйг тогтвортой байлгах талаар илүү анхаарах, байгаль орчны асуудалд хүн бүр анхаарлаа хандуулж багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг хичээх зэрэг олон зүйлийг бодлоо.
Эцэст нь хэлэхэд энэхүү боломжийг олгосон ХААИС-ийн “Гадаад харилцаа, түншлэлийн алба”-ны хамт олон, судалгаа удирдсан МААБС-ийн профессор Б.Энхжаргал багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ бүхний цаана манай сургуулийн хамтын ажиллагаа, өдийг хүртэл энэхүү хуралд оюутнуудыг оролцуулсаар байгаад, олон олон мэйл, харилцааны үр дүнд энэ бүхэн амжилттай болж ирсэнд талархаж байна. Цаашдаа манай сургуулийн оюутнууд жил бүр оролцсоор байгаасай, төрөлх сургууль минь улам өргөжиж оюутан залуус маань нэгдэж чаддаг байгаасай гэж хүсэж байна. Дараа жилийн хурлын шалгаруулалтад өөрийгөө сорин, оролцоорой оюутнууд аа.
Амжилт хүсье. Баярлалаа.