ЭМГЭНЭЛ: Академич Дэчингунгаагийн Доржготов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-10-15 13:23:23

ЭМГЭНЭЛ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН,

АКАДЕМИЧ ДЭЧИНГУНГААГИЙН ДОРЖГОТОВ

(1940-2024)


Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын ШУА-ийн болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн, газар зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Дэчингунгаагийн Доржготов 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр таалал төгсөж, Монголын шинжлэх ухаанд хүнд гарз тохиолоо.

Д.Доржготов нь 1940 онд Төв аймгийн Баян сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн. Академич Д.Доржготов Улаанбаатар хотын 1-р арван жилийн дунд сургуулийг 1957 онд, ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийг хөрс судлаач-агро химич мэргэжлээр тус тус суралцан төгсжээ. Тэрээр 1973 онд Оросын ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд газарзүйн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийд “Монгол орны хөрс” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, Академичаар 1998 онд сонгогдсон юм.

Нэрт эрдэмтэн Д.Доржготов нь 1962 оноос өнөөг хүртэл шинжлэх ухааны салбарт 60 гаруй жил тасралтгүй ажиллахдаа Монгол Улсын газарзүй, хөрс, геоэкологи, хүрээлэн буй орчин судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулсан эрдэмтэн хүн байв.

Академич Д.Доржготов нь шинжлэх ухааны сонгуульт байгуулагуудад олон жил хүчин зүтгэсний дотор 2010 онд Хөдөө аж ахуйн ШУА-ийн гишүүн, 2016-2022 онд ШУА-ийн тэргүүлэгч гишүүн зэрэг сонгуульт ба томилгоот ажил үүргийг хариуцлагатай хашиж, олон улсын болон үндэсний хэмжээний байгаль орчин, шинжлэх ухааны салбарын бодлого шийдвэр гаргахад санаачилгатай оролцож иржээ.

Нэрт эрдэмтэн Д.Доржготов  1975 оноос Газарзүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, нарийн бичиг, орлогч дарга, дарга, мөн “Хүрээлэн буй орчин судлал”-ын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн дэргэдэх Геологи, газарзүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа нийт 110 судлаачийн эрдмийн зэрэг хамгаалах ажилд оролцож санал, зөвлөмж өгч, 20 гаруй судлаачийн доктор, 3 эрдэмтний шинжлэх ухааны докторын судалгааны ажлыг удирдаж, амжилттай хамгаалуулж судлаачдын залуу халааг бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан нэгэн байлаа.

Академич Д.Доржготов нь шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт нэгэн жаран ажиллахдаа 300 гаруй бүтээл туурвисан бөгөөд нэгэн сэдэвт ном 16, Монгол Улсын Үндэсний атлас (1990, 2009, 2022) болон бусад атлас, толь бичиг 9, хөрсний ба газарзүйн сэдэвчилсэн зураг 52, эрдэм шинжилгээний өгүүлэл 120-г нийтлүүлж, үйлдвэрлэл практикт шилжүүлсэн байна.

Академич Д.Доржготов нь ШУА-ын харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн анхны гишүүдийн нэг бөгөөд тус академийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, шинэ шатанд гаргахад маш их зүтгэл гарган ажиллаж, бусад гишүүдээ манлайлагч байсан юм. Мөн тэрээр хөдөө аж ахуй, байгаль, хүрээлэн буй орчны хамгаалал, хөрс судлалын чиглэлээр чадварлаг судлаачдыг бэлтгэхэд өөрийн мэдлэг, ажлын туршлага, ур чадвараа зориулсан хүндтэй нэгэн байлаа.

Монгол орны газарзүй, хүрээлэн буй орчны хамгаалал, хөрс судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, суут эрдэмтэн Д.Доржготов таны хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, бүтээлч, тууштай зарчимч зан чанар нь ХАА-н Шинжлэх ухааны академийн гишүүд, тус салбарын үе үеийн судлаачдын сэтгэл зүрхэнд үүрд мөнх үлдэх болно.

 

ШУА-ийн харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны акадeми

 

Улаанбаатар хот

2024.10.14