“Бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн 27 дахь удаагийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-10-16 17:26:23

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцийн, төрөлжсөн академи ХАА-н шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Агробиотехнологийн Холбооны судалгааны төв, Киргиз Улсын ХАА-н үндэсний их сургууль, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний шинжлэх ухааны академи,  Беларусь улсын үндэсний шинжлэх ухааны академитэй хамтран “Бүс нутгийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн 27 дахь удаагийн ээлжит чуулганыг Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2024 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус чуулган нь Монгол Улсын ХАА-н шинжлэх ухааны академи, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Агробиотехнологийн Холбооны судалгааны төвийн санаачилгаар 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд судлаачдын оролцоо, хамрах хүрээ жилээс жилд өргөжиж байна. Энэ удаагийн чуулганыг Киргиз улсын К.И. Скрябины нэрэмжит ХАА-н Үндэсний их сургуулийг түшиглэн зохион байгуулсан ба чуулганы нэгдсэн болон салбар хуралдаанд ОХУ, Беларус, Монгол Улс, Казахстан, Киргизстан, Армени зэрэг 6 орны ХАА-н судалгааны тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл 150 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр хэлэлцүүлсэн. 

Ээлжит XXVII дахь удаагийнн чуулганы онцлог нь ОХУ-ын Шинжлэх ухааны академи үүсэн байгуулагдсаны 300 жил, Киргизийн үндэсний шинжлэх ухааны академийн 70 жил, Киргизийн ХАА-н үндэсний их сургууль байгуулагдсаны түүхэн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан явдал юм. 

 Тус чуулганд Монгол Улсын ХАА-н шинжлэх ухааны академи, ХААИС-ийг төлөөлөн ХАА-н ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор А.Бакей, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, ШУ-ны доктор, профессор Ш.Дэмбэрэл, ХАА-н ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Г.Гантулга, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн зөвлөх профессор, ШУ-ны доктор, профессор Б.Дорж нарын төлөөлөгчид оролцож, үндсэн болон салбар хуралдаанд өөрсдийн судалгааны үр дүнгээр 5 илтгэл хэлэлцүүлсэн.

Энэ удаагийн олон улсын чуулганаар ХАА-н үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи нутагшуулах, бүс нутгийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга зам, шийдлийн талаар мэдээлэл солилцсон, харилцан туршлага хуримтлуулсан чухал арга хэмжээ болсоныг оролцогсод тэмдэглэж байв.

Даяарчлагдаж буй өнөө үед асуудлыг нэг улс орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх нь онцгой чухал билээ. Уг бага хурал нь хөрш орнуудын судлаачдын цаашдын судалгааны ажлын чиглэлийг тогтоох, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.