Мал эмнэлгийн хүрээлэн Японы Обихирогийн их сургуультай хамтран “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” шинжлэх ухаан технологийн САТРЕПС төслийг 2025-2029 онд хэрэгжүүлэх гэрээг амжилттай үзэглэж төслийн багийн төлөөллийг ХААИС-ийн ректор Б.Баасансүх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол улсын Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн анхны САТРЕПС төслийн ололт үр дүнд тулгуурлан 2025 оноос адуун сүргийн ашиг шимээр давамгайлдаг, мөн хил орчмын импортын бүс нутаг, адууны нийлүүлгийн өвчний халдварлалт ихтэй 4 аймгийг сонгон уг өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх, адууны үржил селекцийн ажилд сонгомол үржүүлгийн орчин үеийн аргуудыг нутагшуулан, адууны нийлүүлгийн өвчний оношилгоо, хяналтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар дээрх аймгуудыг адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүл бүс болгох, эрүүл адууны суурин болон хагас суурин аж ахуй, экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн шинэ төслийг хэрэгжүүлэхээр Японы улсын Засгийн газраар дэмжүүлээд байна.
Төслийн Япон талын удирдагчаар Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Инуе Нобору, Япон талын зохицуулагчаар Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн профессор, ХААИС-ийн хүндэт профессор Ёкояама Наоаки, төслийн Монголын талын удирдагчаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн (МЭХ) захирал, профессор Б.Батцэцэг, Монголын талын зохицуулагчаар МЭХ-ийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Б.Баттөр, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн ахлах багш, доктор Ц.Мөнхтуул нар ажиллана.
Төслийн судалгааны ажлын гүйцэтгэл, үйл ажиллагаанд МЭХ-ийн Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори, Үржлийн эмгэг даавар судлалын лабораторийн судлаачид, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн эх барих, мэс заслын багш нар оролцоно.
“Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” хамтарсан төслийн хүрээнд адууны үржүүлэг түүний дотор зохиомол хээлтүүлэг хийх эрх олгох, их сургуулийн төгсөлтийн дараах лицензийн сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт явуулах зэрэг олон чухал үр дүн гаргахаар япон монголын судлаачид төлөвлөөд байна.