Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулганар Италийн Катаниагийн их сургуулийн профессор Даниэле Ла Роза болон Риккардо Привитера нарыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Катаниагийн их сургууль нь ХААИС-ийн Агроэкологийн сургууль дээр хэрэгжиж буй Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй URGENT төслийн европын талын түншлэгч их сургуулийн нэг юм.
URGENT төсөл нь Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор 2021-2024 оны хугацаанд амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Сургалт, судалгааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх зорилготой энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр тал цаашид эрдэм шинжилгээний мэдээлэл, баримт солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хурал, семинар, уулзалт зохион байгуулах, сургалт, дадлага, багш оюутан солилцоо, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаар тохиролцов.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг төслийн вэбсайтаас авна уу: https://urgent-project.net/