Англи улсын Чевенингийн тэтгэлэг нь инженерийн чиглэлээр суралцаж буй 160 гаруй орны 1500 гаруй оюутныг хамруулдаг бол АНУ-ын Механик инженерүүдийн нийгэмлэг оюутнуудад жил бүр ойролцоогоор 500,000 долларын тэтгэлэг олгодог байна. Форд Мотор, BMW, Тоёота зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниуд ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулж жил бүр олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладгаас “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.
Тоёота, Лексус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөр тогтмол хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа Монгол Улсад чадварлаг авто, механик инженерүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын оюутнуудыг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосны зэрэгцээ тэтгэлэгт шалгарсан оюутнууд их сургуулиа төгсөөд Тоёота компанийн албан ёсны дилерүүдэд мэргэжлээрээ ажиллах боломж олголоо.
Тэтгэлгийн шалгаруулалт 3 үе шаттай явагдаж ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 7 оюутан шалгарч 2.000.000 төгрөг хүртэлх тэтгэлэг, Тоёотагийн албан ёсны дилерүүдэд мэргэжлээрээ дадлагажих, Тоёотагийн мэргэшсэн механикчдын сургалтад хамрагдах эрхийн батламжаа гардан авлаа.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ягүчи Ёохэй оюутнуудад батламж гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “Энэхүү тэтгэлэг нь санхүүгийн тусламж төдийгөөс илүү зүйлийг илэрхийлдэг бөгөөд та бүгдийн хичээл зүтгэл, авьяас чадвар, ирээдүйн боломжийг тань хүлээн зөвшөөрч буйн илрэл билээ. Тиймээс уг тэтгэлэгт хамрагдсанаар та бүхний суралцах, өсөж хөгжих хурдны зам саадгүй зурайна хэмээн найдаж байна. Алс ирээдүйдээ өндөр зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж, хэзээ ч бүү бууж өгөөрэй” хэмээн онцлон захилаа.