Мал аж ахуй, биотехнологийн сургууль хамтарсан төслийн хүрээнд шинэчлэн боловсруулсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-02-13 13:06:12

Мал аж ахуй, биотехнологийн сургууль БНСУ-ын Хангёны үндэсний их сургууль, КОЙКА олон улсын байгууллагатай хамтарсан “ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хөтөлбөрүүдийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн сайжруулсныг багш, оюутнууд, төслийн хамт олонд танилцууллаа.

Тус төслийн хүрээнд Мал зүй, Тэжээл, бэлчээр судлал, Биотехнологи, Мах, сүү үйлдвэрлэлийн технологи, Мал амьтны гаралтай түүхий эд судлал, Хүнсний чанар, аюулгүй байдал, Загас үржүүлэг, аж ахуй, Мал аж ахуй зэрэг хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг Хангёны үндэсний их сургуулийн экспертүүдийн санал, ХААИС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулах журам, БШУ-ы сайдын 2024.03.20-ны өдрийн А/147 тоот тушаалыг баримтлан боловсруулжээ.

Сургалтын төлөвлөгөөнд Хангёны үндэсний их сургуулийн экспертүүдийн өгсөн саналыг тоймловол  

  • Оюутны судлах нийт кредит 125-аас багагүй байх (Гадаадын их сургуулиуд хамгийн багадаа 130 кредит цаг судалдаг);
  • Хээрийн болон сургалт, үйлдвэрлэлийн дадлагын тоог нэмэгдүүлэх (Оюутнууд төгсөөд шууд ажлын байран дээр гарч ажиллах чадвартай байх, практик ур чадварыг эзэмших);
  • Хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг олгох зорилгоор энэ чиглэлийн хичээлүүд нэмэх;
  • Гарааны компани, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн мэдлэгийг сайжруулах зорилгоор хичээлүүд оруулах;
  • Oюутнууд хичээлийг чөлөөтэй сонгох боломжтой байдлаар хөтөлбөрийг боловсруулах;
  • Хичээлийн нэршлийг богино, оновчтой болгох, олон улсын хэллэг, нэр томьёогоор бичих зэрэг саналыг тусгаж боловсруулсан байна.

Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаар Хангёны үндэсний их сургуультай Мал зүй, Тэжээл, бэлчээр судлал, Биотехнологи, Мах, сүү үйлдвэрлэлийн технологи, Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрүүдээр оюутан солилцох, хамтарсан хос хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдлээ.