Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газрын санхүүжилтээр 325 сая төгрөгийн үнэ бүхий сүүлийн үеийн 93 компютерийг ХААИС-д бэлэглэж, компьютерийн хоёр лабораторийг нээлээ. ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд компютерийн нэг лабораторийг иж бүрэн тохижуулан шинээр нээж, бас нэгэн лабораторийн компьютериудыг шинэчилсэн байна.
Лабораторийн нээлт 2025 оны 02 дугаар сарын 11 өдөр болж Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Николай Ван, нэгдүгээр нарийн бичгийн дарга Софи Чанг болон ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, СТГ-ын захирал Б.Одончимэг, ЭШИГ-ын захирал Э.Төмөртогтох, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, ХШУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Довчинванчиг, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Эрдэмбилэг болон багш, оюутнууд оролцлоо.
Нээлтийн ёслолын дараа Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Николай Ван оюутнуудад Тайвань Монголын хамтын ажиллагаа, тэтгэлэгтэй суралцах боломжын талаар танилцуулга хийж тэдний сонирхсон асуултад хариулав.
ХААИС болон Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар цаашид тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, хэлний сургалтад дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцав.