Боловсролын яам, Хөрөнгийн менежментийн төв хамтран Боловсролын реформыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг дээд боловсролын байгууллагад нэвтрүүлж байгаа туршлагыг дэлгэрүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах, мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн проректорууд, гадаад харилцаа хариуцсан удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Тус уулзалтад ХААИС-ийн ректор Б.Баасансүх, ерөнхий санхүүч Г.Нарангэрэл, Хангамж, үйлчилгээний албаны менежер Ж.Батчулуун, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Р.Батчимэг нар оролцов. Ректор Б.Баасансүх сургуулийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв.
Хөрөнгийн менежментийн төвийн захирал Б.Баатарзориг хэлсэн үгэндээ, богино хугацаанд зөв менежмент хийж, санхүүгийн хүндрэлээс гарсанд талархал илэрхийлье. Мөн Гадаад харилцаагаа амжилттай өргөжүүлж, гадаадтай хамтарсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар сургалтын бааз, шинжлэх ухааны ололт амжилтыг дэлгэрүүлж байгаа сайн жишээ олон байна. Харин цаашид элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Мөн бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.