Япон улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг 24 дэх удаагийн Оюутны олон улсын чуулга уулзалтад оролцож, илтгэлээ хэлэлцүүлэх оюутнаар МААБС-ийн Загас үржүүлэг, технологийн 2 дугаар курсийн оюутан О.Чинболор шалгарлаа.
Энэ удаагийн чуулга уулзалт “Youth-led and Innovations and Community Empowerment towards a Sustainable Future” сэдвийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 03-аас 06-ны өдрүүдэд Японы ХААИС-ийн түнш сургууль болох Индонез улсын Богорын их сургуульд болох юм.
Оюутнууд дээрх сэдвийн хүрээнд өөрийн судалгааны ажлын үр дүн болох загас үржүүлэх технологи, Монголын бэлчээрийн мал аж ахуйн салбар дахь хүлэмжийн хийг бууруулахад залуусын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн сүлжээгээр мэдлэг түгээн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах гэх мэт өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ англиар хэлэлцүүллээ.
Шүүгчдийн нийлбэр дүнгээр МААБС-ийн Загас үржүүлэг, технологийн 2 дугаар курсийн оюутан О.Чинболор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг, Эгийн голд жарамгай үржүүлсэн туршилт, судалгааныхаа талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, нэгдүгээр байрт шалгаран олон улсын оюутны чуулганд илтгэлээ хэлэлцүүлэх болзол хангав.
Шүүгчээр ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Эрдэм шинжилгээ, инновацын газрын Судалгаа, инновацын албаны дарга, доктор Б.Баярмаа, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хэл, соёлын тэнхимийн эрхлэгч Б.Батчимэг нар ажиллав.
Тэргүүн байранд шалгарсан болон оролцсон оюутнууд, шүүгчдэдээ баярлалаа.
Гадаад харилцаа, түншлэлийн алба