ХААИС “Агро экспо-2025”-д багш судлаачдын инновацын бүтээгдэхүүний дээжээс танилцуулж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-04-10 13:56:49

“Экспо Монгол” компаниас жил бүр зохион байгуулдаг “Aгро экспо-2025” олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн нэгдсэн үзэсгэлэн 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна.

“Агро экспо-2025” үзэсгэлэн нь салбар дундын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд таниулах, шинэ боломж олгох, эрэлхийлэх эрхэм зорилготой бөгөөд олон улсын зах зээлтэй шууд холбох гүүр болохоор томоохон зорилт тавин ажиллаж байна.

Үзэсгэлэнд олон улсын байгууллага, аймаг сумдын төлөөлөл, мал аж ахуй, ферм, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа компани, өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгч, хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмж импортлогч, үйлдвэрлэгч зэрэг 100 гаруй  аж ахуй нэгж оролцож буй нь тус үзэсгэлэнийн ач холбогдлыг харуулж буй хэрэг юм.  

“Агро экспо-2025” үзэсгэлэнгээр оролцогч аж ахуй нэгжүүдийн хөдөө аж ахуй, газар тариалангийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж болон малын тэжээл, бордоо, суулгац, зүлэг, цэцгийн үр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж хямдралтай, бэлэгтэй борлуулж байна.

ХААИС тус үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож энэ удаагийн “Агро экспо-2025”-д салбарын боловсон хүчний бэлтгэх эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хөтөлбөрүүдээ танилцуулж, багш, эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээ, төслийн үр дүнгийн 180 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүний дээжээс дэлгэн олон нийтэд түгээлээ.

Олон улсын үзэсгэлэнд судлаач, эрдэмтэн, профессор, шинжээч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд салбарын хөгжил дэвшил, чиг хандлагыг  танилцуулж илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ХААИС-иас Агроэкологийн сургуулийн багш, доктор И.Мягмаржав “Хөдөө аж ахуй дахь дроны хэрэглээ”, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, дэд профессор Б.Энхжаргал “Е-kakashi төхөөрөмжийг хүлэмжийн аж ахуйд хэрэглэх боломж”, Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Ж.Оюунгэрэл “Хүлэмжийн аж ахуйн шинэ технологи, инновац”, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Ж.Шинэхүү “Ферментжүүлсэн тэжээлээр малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломж”, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, дэд профессор Б.Баасанжалбуу “Органик бордоо ашиглан доройтсон хадлан, бэлчээр сайжруулсан, ногоон тэжээлээс 2 удаа ургац хураасан туршлага, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Б.Итгэл “Шеврет боловсруулах үйлдвэрлэлийн шингэн ба хийн ялгарлыг бууруулсан технологи дамжуулалт”, “ХААИС-ийн дэргэдэх Арьс шир судлалын LEATHUB төвийн танилцуулга” илтгэлийг хэлэлцүүлж хөдөө аж ахуйн салбарын ололт амжилт, инновацыг танилцуулав.

        Үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн их сургууль онголын тариаланчдын үндэсний холбоо, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо ТББ дэмжин ажиллаж байна.