ХААИС-иас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын их сургуулиудын оюутны инновацын шилдэг бүтээлийн “Инновац&Технологи” уралдааныг энэ удаад олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн үзэсгэлэн “Агро экспо-2025”-ын хүрээнд ХААИС, “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгууллаа.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ санаа, дэвшилтэт технологи, инновацыг дэмжих, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, оролцоог нэмэгдүүлэхэд зорилготой “Инновац&Технологи” оюутны инновацын шилдэг бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. Уралдаанд нийт 20 гаруй бүтээл ирсэнээс эхний шатнаас шалгарсан 6 бүтээлийг “Агро экспо-2025” үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу 04 дүгээр сарын 06-нд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулж шилдгээ шалгарууллаа.
Уралдааны сүүлийн шатанд шалгарсан 6 бүтээлийг илтгэгчид танилцуулж шүүгчдийн дүнгээр тэргүүн байрт ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн оюутнуудын “Шар сүүний пробиотик зайрмаг” шалгарч батламж, 1.500.000 төгрөг, хоёрдугаар байрт ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн “Монгол авга” багийн “Монгол авга брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт” шалгарч батламж, 1.000.000 төгрөг, гуравдугаар байрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн оюутнуудын “Эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах төсөл” шалгарч батламж, 500 000 төгрөг, тусгай байрт МУИС-ийн Хими биологийн инженерийн тэнхимийн оюутан Ц.Төгсхүслэнгийн “Электрон хог хаягдлаас алт, мөнгө болон зэс ялгах төсөл”, ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутнуудын “Хүлэмжийн бичил цаг уурын мэдээллийг цуглуулагч”, СЭЗИС-ийн Мэдээллийн систем менежментийн тэнхимийн Green-Tech багийн “Mon-Guide” шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Инновац&Технологи” уралдаанд ХААИС, МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутнууд салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц бүтээлч, шинэлэг шийдлүүд танилцуулан идэвхтэй оролцож, зохион байгуулалтыг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газар, Сургалт, цахим шилжилтийн бодлогын газар хариуцан ажиллалаа.
Тэргүүн байрт шалгарсан ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн оюутнуудын “Шар сүүний пробиотик зайрмаг”
Хоёрдугаар байрт шалгарсан ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн “Монгол авга” багийн “Монгол авга брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт”
Гуравдугаар байрт шалгарсан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн оюутнуудын “Эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах төсөл”
Тусгай байрт шалгарсан МУИС-ийн Хими биологийн инженерийн тэнхимийн оюутан Ц.Төгсхүслэнгийн “Электрон хог хаягдлаас алт, мөнгө болон зэс ялгах төсөл”
Тусгай байрт шалгарсан ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутнуудын “Хүлэмжийн бичил цаг уурын мэдээллийг цуглуулагч”
Тусгай байрт шалгарсан СЭЗИС-ийн Мэдээллийн систем менежментийн тэнхимийн Green-Tech багийн “Mon-Guide”