ХААИС-ийн оюутнууд хамтран ХААИС-ийн аварга шалгаруулах “Шинэ үеийн адуучин” тэмцээнийг бүрэлдэхүүний 6 сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Аргалант сумын Сэртэн морьтон цогцолборт зохион байгуулав.
Үндэсний өв соёлоо сурталчлан таниулах, өвлүүлэх, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Шинэ үеийн адуучин” тэмцээнд эмнэг булгиа, бугуйлан шургуу, уурган шургуу, ташуур, уурга шүүрэх зэрэг төрлөөр 80 гаруй оюутан өрсөлдсөнөөс нэгдсэн дүнгээр I байрт Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ж.Төгс-Очир шалгарч өргөмжлөл 1.000.000 төгрөг, II байрт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны харьяат Б.Болд-Эрдэнэ шалгарч өргөмжлөл, 500.000 төгрөг, III байрт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Э.Баяржавхлан шалгарч өргөмжлөл, 300.000 төгрөг, IV байрт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Н.Өсөхбаяр шалгарч өргөмжлөл, 100.000 төгрөгийн шагнал гардан авлаа.
Мөн хүйтнийг үл ажран хөвгүүдээ дэмжихээр ирсэн үзэгч охидын дундаас “Хацаргоо Монголжингоо”-оор 2 охиныг тодруулж тус бүр 100.000 төгрөгөөр урамшуулсан байна.
“Шинэ үеийн адуучин” тэмцээнийг өөрсдийн хичээл зүтгэлээр 2 дахь жилдээ зохион байгуулж буй ХААИС-ийн МААБС-ийн Бүтээгдэхүүний чанар, эрүүл аюулгүйн үнэлгээний III ангийн оюутан Б.Энхээ, Мал эмнэлгийн сургуулийн III ангийн оюутан Ө.Бямбадорж, Инженер, технологийн сургуулийн Механик инженерийн II ангийн оюутан Л.Хүслэн, Механик инженерийн III ангийн оуютан Б.Сумьяабазар нар болон оюутан залуусын өв соёлоо өвлөн үлдэх, түгээн дэлгэрүүлэхийг дэмжин 40 гаруй морь түрээсэлж хамтран ажилласан Сэртэн морьтон цогцолборын хамт олонд талархал илэрхийлж, монгол адууны соёлыг түгээх их үйлсэд нь амжилт хүсье.