ХААИС-ЭЗБС-ийн Менежментийн тэнхим шинэчлэгдэн зохион байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд доктор, профессор Л.Наранхүүгийн нэрэмжит “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 11 сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал (проректор) доктор, профессор Э.Төмөртогтох нээж, доктор, профессор Л.Наранхүү мэндчилгээ дэвшүүлэв. Хуралд ХААДС-ийн Эдийн засгийн факультетийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, зохион байгуулалтын тэнхимд хамт багшаар ажиллаж байсан ахмад багш нар Б.Түмэндэмбэрэл, Д.Лхагвасүрэн, академич А.Бакей, ХААИС-ийн номын сангийн эрхлэгч, доктор Б.Буянзаяа нар урилгаар оролцов.
Эрдэм шинжилгээний хуралд БНСВУ-ын Phenikaa их сургуулийн профессор И Сун Гын, БНХАУ-ын Chongqing-коллежийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ван Ли, МУИС-ийн Менежментийн тэнхимийн багш, доктор, Ш.Энхтуул, ШУТИС-ийн БУХС-ийн багш нар доктор, П.Одмаа, доктор Т.Сүмжидмаа, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Г.Сайнбилэг нарын зочин профессорууд үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн шинжлэх ухаан, практикийн уялдааг хангах олон талт шийдэл, инновацын шинэ замналын талаар илтгэл тавьж хамтдаа хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой ажил боллоо.
Зочин илтгэлүүдээс гадна судлаачдын болон оюутнуудын дунд зарласан уралдааны илтгэлүүдээс шилдэг 5-ыг шалгаруулж байр эзлүүлсэн юм.
Судлаачдын түвшний илтгэлийн уралдаанд ШУТИС-ийн О.Энхцолмон, А.Элбэгжаргал нарын “Системийн динамик загварчлалын аргад тулгуурлан Улаанбаатар хотын айл өрхийн хог хаягдлын менежментийг төлөвлөх нь” сэдэвт илтгэл тэргүүн байр, ХААИС- ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш Ж.Мөнхбатын “Мал аж ахуйн хөдөлмөрийн нормчлолыг сайжруулах нь” сэдэвт илтгэл дэд байр, ХААИС-йин ЭЗБС-ийн багш П.Мөнхтуяа, О.Дуламрагчаа, Г.Ганзориг нарын “Хүнсний бодлогын үр ашгийн ба бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын үнэлгээ” сэдэвт илтгэл гуравдугаар байр тус тус эзэллээ.
Оюутны түвшинд илтгэлийн уралдаанд МУИС-ийн оюутнууд И.Цацрал, А.Лхагвадарь, Б.Номин-Эрдэнэ нарын “Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөө, цаашдын чиг хандлагын хүрээнд үйлдвэрлэл, үйл ажиллагааны өөрчлөлт” сэдэвт илтгэл тэргүүн байр, ХААИС-Дархан салбар сургуулийн оюутнууд Э.Хишигжаргал, Х.Гэрэлмаа нарын “Үйлдвэрлэлийн процесст хийсэн судалгаа” сэдэвт илтгэл дэд байр, СЭЗИС-ийн оюутнууд С.Сэргэлэн, Ц.Болорчулуу, Н.Энхбаясгалан, Ж.Мишээл нарын “Хэрэглэгчдийн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих худалдан авалт хийх зан төлөвийн судалгаа” сэдэвт илтгэл гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Л.Наранхүү багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлын хүрээнд туурвигдсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хурлын эмхэтгэл болгон хэвлэж илтгэгч нарт өгсөн.
Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, зочин профессорууд, байр эзэлсэн илтгэгчид болон оролцогчдод Монголын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХК-ийн 50 ширхэг гарын бэлгийг хүний нөөцийн менежер Н.Ариун-Ундрам гардуулсан байна.
Хураангуй видеог доорх холбоосоор орж үзнэ үү:
https://www.youtube.com/watch?v=qXVEx-o5NvI