Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Обрущанский ХААИС-д зочиллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-12-24 13:51:51

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский, нарийн бичгийн дарга Г.Хишигбадам нар 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга нартай уулзлаа.

Элчин сайд уулзалтын үеэр хоёр орон өнө эртнээс өдгөөг хүртэл боловсрол, шинжлэх ухаан, ХАА-н салбарт олон талаар хамтран ажиллаж ирснийг дурдаад ХААИС-тай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, эрэлттэй мэргэжлээр оюутан суралцуулах гэх мэт чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж байгааг хэллээ.

ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Элчин сайдад талархснаа илэрхийлээд, ХАА-н салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр Унгар улсын нэр хүнд бүхий их сургуулиудтай хамтран ажиллаж байгаагаа уламжлав. Мөн Унгар улсад төгсөгчдөөс академич хүртэл бийг онцлоод энэ онд 3 судлаач эрдмийн зэрэг хамгаалсан гэх мэтээр боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн олон байгааг дурдлаа.

Мөн ГХТА-ны дарга Ц.Сүхтулга, малын эмч гэх мэт эрэлттэй мэргэжлээр жил бүр 3-аас дээш оюутныг Унгар улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр сургахад дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдаас хүслээ. Үүний зэрэгцээ эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх үүднээс хамтарсан хэл, соёлын төв байгуулахаар ярилцлаа.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын тэргүүлэх мэргэжлээр жил бүр 200 иргэнийг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байгаа бөгөөд элсэлтийн бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэв. Тус мэдээллийг Боловсролын яамны цахим хуудаснаас авах боломжтой юм.