Эдийн засаг, бизнесийн сургуулийн бакалаврын хөтөлбөрүүд 10 жилийн хугацаатай дахин магадлан итгэмжлэгдлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-12-31 12:34:11

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль нь 2014 онд бакалаврын хөтөлбөрүүдээ АНУ-д төвтэй Бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (ACBSP) байгууллагаар анх удаа магадлан итгэмжлүүлж, сургууль болон хөтөлбөрийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам хүргүүлж, 2024 онд дахин магадлан итгэмжлүүлэх тайлангаа хүргүүлэн ажиллалаа.

Дахин магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд 2024 оны долоодугаар сарын 15-ны өдөр ЭЗБС-ийн өөрийн үнэлгээний тайланг хүргүүлж, 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд АСBSP-ийн шинжээчдийн баг хүрэлцэн ирж, сургуулийн удирдлага, хамт олон, өөрийн үнэлгээний тайлангийн баг, сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, магадлан итгэмжлэлийн нотлох баримтууд дээр амжилттай ажилласан билээ.

Улмаар АСBSP-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдийг 10 жилийн хугацаатай дахин магадлан итгэмжилсэн баярт мэдээг шинэ оны босгон дээр мэдэгдлээ.

Магадлан итгэмжлэлд хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлж, хичээл зүтгэл гаргасан оюутнууд, багш ажиллагсад, төгсөгчид, ажил олгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, шинэ онд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

 

Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргаа