“Экко-Фарм” төсөл орон нутагт ХАА-н хүнсний тогтолцооны чадавхыг сайжруулна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-01-16 19:25:41

Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2024-2029 онд хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (Экко-Фарм) төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, төслийн Канад дахь захирал Дебра Расмуссен болон албаны бусад хүмүүсийг ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Экко-Фарм” төслийн 2025 оны төлөвлөлт, Саскачеваны их сургууль болон ХААИС-ийн харилцааг идэвхжүүлж хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Төслийн зорилго нь эдийн засгийн хөгжил болон эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог түлхүү харгалзан үзэх замаар, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, биологийн олон янз байдлыг алдагдуулахгүйгээр орон нутагт ХАА-н хүнсний тогтолцооны чадавхыг сайжруулах юм.

Төслийн хамтын ажиллагааны хүрээнд Канадын Саскачеваны их сургуулиас гадаад харилцаа, бэлчээр тэжээлийн мэргэжилтнүүд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс ирж ХААИС-д ажиллах бөгөөд орон нутгийн малчид, иргэдэд сургалт зохион байгуулах аж.

Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, биологийн олон янз байдал, жендэрийн тэгш эрхийн чиглэлээр хэрэгжих “Экко-Фарм” төсөлд ХХААХҮЯ, БОУАӨЯ, ЖҮХ, ХААИС, МААЭШХ, УГТЭШХ хамтран ажиллаж 7 аймаг: Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Төв, сонгогдсон 4 сум: Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат, Хөвсгөл аймгийн Их-Уул, Төв аймгийн Борнуур суманд хөдөө аж ахуйн чиглэлээр суурь судалгаа, малчдын судалгаа, байгаль орчны чиглэлээр сонгогдсон 4 сумын бэлчээрийн төлөв байдлын суурь судалгаа, хөрсний карбон шингээлтийг Монгол улсад шинжлэх чадавх бүхий лабораториудын үнэлгээ, олон улсын болон Монгол Улсын хэмжээнд "Зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгсэл", “Эко-системийн үйлчилгээний төлбөр”-ийн судалгаа, жэндерийн чиглэлээр хөдөө аж ахуй, байгаль орчин болон ниймийн салбаруудад тулгамдаж асуудлуудыг тодорхойлох Жендэрийн эмзэг байдлын үнэлгээ зэргийг төслийн эхний жил буюу 2024 онд хийж гүйцэтгэсэн байна.

“Экко-Фарм” төсөл цаашид
  • Сонгогдсон сумдын “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах
  • Суурь судалгаанд үндэслэн сургалт, чадавхжуулах төлөвлөгөөнүүд боловсруулж, хэрэгжүүлэх
  • Хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт, чадавхжуулах батлагдсан хөтөлбөртэй байгууллагуудыг тодорхойлж, тэдгээрийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах
  • Төслийн зорилтот сумдад бэлчээрийн хамтын мониторингийн талбайг сонгож, орон нутгийн оролцогч талуудтай хамтран хашаалах ажлыг эхлүүлэх
  • Хүлэрт намаг, томоохон голуудын дагуух булаг, шанд зэргийг орон нутгийн талуудтай хамтран хашиж хамгаалах ажлыг эхлүүлэх
  • Сонгогдсон суманд хэрэгжүүлэх загвар боловсруулах
  • Хөрсний карбон шингээлтийг шинжлэх лабораторийн хэрэгцээг тодорхойлж, дэмжлэг үзүүлэх
  • Нүүдлийн ховор шувууд болон газар тариалангийн үйлдвэрлэл хоорондын харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх
  • Сонгогдсон сумдын ЕБС-ийн “Эко-клуб”-ийн гишүүдийг сонгож, үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • БОУАӨЯ-ны Байгаль орчны салбарын жендэрийн стратегид дунд хугацааны оролцооны үнэлгээ хийх
  • Жендэрийн үндэсний хорооны “Жендэр ба бодлого төлөвлөлт” анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах
  • Хөвсгөл аймгийн Жендэрийн дэд хөтөлбөр (2017-2021), түүнээс хойшхи жендэрийн салбар хорооны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцооны үнэлгээ хийхээр төлөвлөөд байна.