"Хятад хэл, мэргэжлийн ур чадварын сургалтын төв"-ийг нээлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-06 17:36:30

Монгол Улсын ХААИС, БНХАУ-ын Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж буй "Хятад хэл, мэргэжлийн ур чадварын сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Туушин зочид буудлын Сүлд танхимд ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү хамтарсан төв нь хоёр орны боловсролын харилцаанд стратегийн чухал ач холбогдолтой алхам болж байгаа бөгөөд мэргэжлийн боловсролын чанар, хүртээмж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Сургалтын төвийн нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Ван Хунтао, Өвөр Монголын Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн намын дэд дарга Түвшин, Монгол дахь Хятадын худалдааны танхимын хяналтын зөвлөлийн дарга Ши Ган, Монгол Улсын Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Н.Нарангэрэл, Монгол Улсын ХААИС-ийн ректор Б.Баасансүх, эрдэмтэн багш нар болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Нээлтэд Монгол Улсын Боловсролын яамнаас “Монгол Улсын хөгжлийн бодлого болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас, сонирхолд тулгуурласан мэргэжлийн боловсролыг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд байгуулагдаж буй энэхүү сургалтын төв нь суралцагчдад ажлын байранд шаардлагатай ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, техник, технологийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж мэдэгдэв.

Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургууль нь олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр арвин туршлагатай бөгөөд Монгол Улсыг оролцуулсан 13 орны 42 байгууллага, их дээд сургуультай хамтран ажилладаг. Тус сургууль нь мэргэжлийн боловсролын бүтээн байгуулалт, хүний нөөцийн хөгжүүлэлт, технологийн дэмжлэг зэрэгт тодорхой давуу талтай бөгөөд энэ удаагийн хамтарсан сургалтын төвийн гол түнш болж байна.

Тус төв нь Монгол Улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чиглэлүүдээр механик засвар, эрчим хүчний технологи, мал аж ахуй, мал эмнэлэг зэрэг мэргэжлээр хичээл заахаар төлөвлөсөн. Үүнтэй хамт суралцагчид хятад хэлний мэдлэгийг эзэмшин, мэргэжлийн ур чадвараа олон улсад өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэх боломжтой болж байна. Сургалтын төвийг байгуулснаар

• Мэргэжилтэй боловсон хүчний чанар, чадамж сайжирна

• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин нэмэгдэнэ

• Эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжинэ

• Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ үеийн боловсон хүчин бэлтгэгдэх суурь тавигдана.

Энэхүү сургалтын төв нь цаашид Монголын БНХАУ-ын боловсролын хамтын ажиллагааны жишиг болж, олон оюутанд чанартай боловсрол эзэмших шинэ боломжийг олгож, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй буйгаа тэмдэглэн хэлсэн юм.