Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон. Энэ дагуу 2023 онд Японы “Ниппон” сангийн Удирдах зөвлөлийн дарга Юхэй Сасакава Монгол Улсад ирж, төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр орон нутагт ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилготой бөгөөд 12 жилийн хугацаанд 1000 оюутныг шалгаруулж, 5 сая гаруй ам.доллар зарцуулах юм.
Тэтгэлэгт 1.Сурлагын голч дүн; 2. Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзлэлтэй; 3. Төгсөөд тухайн чиглэлээрээ орон нутагтаа тасралтгүй 3 жил ажиллан, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах шалгуурт тэнцсэн ХААИС /Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал/, МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи/, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д I түвшинг амжилттай төгсөж, II түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан эхний 100 оюутны батламжийг 2025 оны 09 дүгээр сар 10-ны өдөр Төрийн ордноо гардуулж ХААИС-ийн мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлал, мал амьтны гаралтай түүхий эд судлал, агрономи, хөрс судлал, агрохими, ургамал хамгаалал, хөдөө аж ахуй (08 индекстэй) чиглэлээр суралцдаг 20 оюутан 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах батламжийг гардан авлаа.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудадаа баяр хүргэж, оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжиж буй тэтгэлгийг санаачлан хэрэгжүүлэгч, зохион байгуулагчдад талархал илэрхийлье.