Монгол, БНХАУ-ын сургалт, судалгааны хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-04-30 17:16:28

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох, Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд тус сургуульд албан томилолтоор ажиллаж, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцээрийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцээрийн үр дүнд талууд дараах тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэв:

  1. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургууль болон Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуультай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
  2. Мал эмнэлгийн чиглэлээр 3+3 шаталсан хөтөлбөр хэрэгжүүлж, Шилийн голын сургуульд 3 жил суралцсан оюутнуудыг ХААИС-д 3 жил үргэлжлүүлэн суралцуулж дээд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.
  3. Мал аж ахуй болон морин мэргэжлийн чиглэлээр 3+2 шаталсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, оюутнуудыг дээд боловсролтой болгох боломжийг нээлээ.
  4. Мал эмнэлэг, морин спорт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг чиглэлээр оюутан солилцоо, үйлдвэрлэлийн дадлагын тогтолцоог эхлүүлэхээр тохиролцов.
  5. Үхрийн өвчин, малын үржүүлэг (хонины үржүүлэг, селекци) чиглэлийн хичээлүүдийг хамтран боловсруулж, багш нар харилцан солилцон хичээл заахаар боллоо.
  6. Сүү, цагаан идээ, махан бүтээгдэхүүний технологид суурилсан хамтарсан судалгааг олон улсын стандартын түвшинд гүйцэтгэж, технологи баталгаажуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
  7. Монгол малын генетик нөөцийн судалгааг хамтран гүйцэтгэж, үр дүнг олон улсын удам зүйн мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг эхлүүлэхээр зөвшилцөв.
  8. Эрхий цагаан мөөгний генетик судалгаа, тарималжуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, энэхүү ховор мөөгийг хамгаалж, олон улсад таниулах үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.
  9. БНХАУ-аас Монгол Улсад шатлан суралцах оюутнуудад зориулан оюутны байр, морин спортын дадлагын бааз зэрэг дэд бүтцийг байгуулах, хөрөнгө оруулалтын боломжийг судлах талаар санал солилцлоо.

Эдгээр тохиролцоо нь хоёр талын сургалт, судалгааны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, тогтвортой, үр дүнтэй түншлэлийн үндэс суурийг тавьсан чухал алхам боллоо. Талууд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, үе шаттайгаар бодит үр дүнд хүргэх зорилт тавин ажиллахаар эцэслэн тохиролцсон юм.

Хамтын ажиллагааны эхлэл болгон хэрэгжүүлсэн анхны дадлага:

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн II ангийн 20 оюутан багшийн хамт 2025 оны 04 дүгээр сарын 20-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд танилцах дадлага хийв.

Дадлагын хүрээнд оюутнууд:

  • Мал эмнэл зүйн суурь болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтын орчинтой танилцаж;
  • Бэлчээрийн болон суурин, хосолсон мал аж ахуйн загвар фермийн үйл ажиллагаа, үүлдэр сайжруулалтын бодлого, бэлчээр, тэжээлийн менежмент, тэжээл үйлдвэрлэлийн технологийн явцтай танилцан;
  • Мэргэжлийн чиг баримжаа авч, дадлагын хөтөлбөрт тусгасан хувь хүний болон мэргэжлийн суурь ур чадварыг хөгжүүлэхэд биечлэн оролцлоо.

Мөн Монгол, Хятадын оюутнууд хамтран уулзалт зохион байгуулж, сурах орчин, амьдралын зохион байгуулалт, цагийн менежмент, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх арга туршлагаа харилцан солилцов.

Энэхүү дадлага нь хоёр орны оюутнуудын мэргэжлийн мэдлэг, соёлын ойлголцол, харилцан суралцах, хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.