ХААИС-ийн Инженер, технологийн сургууль болон Мал аж ахуй, биотехнологийн сургуулиудын хамтран хэрэгжүүлж буй “Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээллийн санг өргөжүүлэх” (AFACI) олон улсын төслийн оролцогч талуудын хэлэлцүүлэг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
БНСУ-ын Азийн хүнс хөдөө аж ахуй, хамтын ажиллагааны санаачилга байгууллага (AFACI)-ын санхүүжилтээр Азийн 13 улсад 2021-2024 онд “Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээллийн сан байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Өнгөрсөн гурван жилд Монгол Улсаас 108 нэр төрлийн бүтээгдэхүүнд давхардсан тоогоор 1808 төрлийн шим тэжээлийн үзүүлэлтийг тодорхойлж мэдээллийн сангийн өгөгдлийг санхүүжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгсөнөөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуй байгууллага (FAO)-ын вэб сайтад анх удаа Монгол орны хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн санд байршуулах ажил хийгдэж байна.
Тус төслийн хүрээнд Монгол орны хүнс, түүхий эдийн чанарыг судлах, үнэлэх, харьцуулах шинжлэх ухааны үндэслэлтэй гарын авлага хэвлэгдэн гарсан. Хүнсний найрлагын мэдээллийн санг оролцогч талуудад нээлттэй байлгах зорилгоор цахим хэлбэрээр ашиглах web App хөгжүүлэлт хийгдсэн. Төслийн судалгааны үр дүнгээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд 6 илтгэл, сэтгүүлд 8 өгүүлэл, хураангуй хэвлүүлж олон нийтийн хүртээл болгож хуваалцсан.
Түүнчлэн 2023 онд төслийг хэрэгжүүлэгч азийн 13 улсаас Монгол Улс “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч” улсаар шалгарсан. Дээрх үр дүнгүүдэд үндэслэн энэхүү төсөл нь дахин 3 жилээр сунгагдаж 2024-2027 онуудад 2 дугаар үе хэрэгжиж энэ үеийн төслийн гол онцлог нь монголчуудын уламжлалт хоол, хүнс, хүнсний түүхий эд гээд дахин хөдөө аж ахуйн гаралтай 100 хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын үзүүлэлтийг тодорхойлж мэдээллийн санг өргөжүүлэхээс гадна төсөлд хамрагдаж байгаа улс бүр өөрийн орны “Уламжлалт 10 хоол”-ны дэлгэрэнгүй мэдээллийг FAO-ийн мэдээллийн нэгдсэн системд байршуулах юм. Энэ нь Монгол Улсаа Ази болон дэлхий нийтэд хоол, хүнсээрээ дамжуулан сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой ажил юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо” ТББ, “АПУ” ХК, “Сүү” ХК, "Талх чихэр" ХК, “Эдэн” ХХК болон их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний 30 гаруй төрийн болон хувийн байгууллага, холбогдох хүнсний салбарын аж ахуй нэгж, компаниуд оролцож, төслийн дараагийн шатанд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.