БНСВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Нгуен Дуан Тань дагалдах хүмүүсийн хамт 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ХААИС-д зочилж, тус сургуулийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэг байв.
Элчин сайд Нгуен Дуан Тань ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас бэлтгэсэн хоёр орны үеийн үеийн төрийн тэргүүдийн харилцан айлчлал, хамтын ажиллагаа, үүх түүхийг харуулсан “Монгол-Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаа” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон оюутнуудтай дурсгалын зураг татууллаа.
Уулзалтыг үргэлжүүлэн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургуулиар зочилж сургалт, судалгааны орчинтой танилцаж тус тусын удирдлагуудтай хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцов.
Элчин сайд Нгуен Дуан Тань, Вьетнам улсын хувьд баг бүр малын эмчтэй, багийнхаа малын халдварт өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг. Муж, хотын түвшинд судалгааны төвүүдтэй, малын эм тариа, вакцин үйлдвэрлэлийг маш эрчимтэй хөгжүүлж байна. Та бүхэн сонирхож байвал, мал эмнэлгийн сургуулийг малын эм тариа, вакцин үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй холбож өгөхөд бэлэн байна. Мөн малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж уулзалтыг өндөрлүүллээ.