ХААИС-ийн ректорын 2003 оны тоот
136 тушаалын 1 дүгээр хавсралт
БАГШИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. ХААИС-ийн багшийн эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2.ХААИС-ийн ректорын 2002 оны 156 тоот тушаалаар батлагдсан “Багшийн хөгжил” хөтөлбөрийн 3-р бүлэгт тодорхойлсон багшид тавигдах шаардлага, ХААИС-ийн дүрмийн 4.6-в заасан багшийн үүрэг зэрэгт заасан үзүүлэлтүүдийг хангаж ажиллуулах, их сургуулийн багшийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд уг журмын зорилго оршино.
Хоёр. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт
2.1. Багшийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтыг Шинжлэх ухааны зөвлөл, бүрэлдэхүүний сургуулиар дамжуулан явуулна.
2.2. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн гүйцэтгэхээр төлөвлөж ажиллана.
2.3. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг хичээлийн жилээр төлөвлөх ба гүйцэтгэлийг “Сургалтын ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцох” журмын дагуу 2.4-д заасан эрдэм шинжилгээний ажлыг багшийн кредит цагт оруулан тооцно.
2.4. Багшийн эрдэм шинжилгээний ажилд дараах чиглэлээр гүйцэтгэсэн судалгаа, туршилтын ажлыг тооцно.
2.4.1.Шинжлэх ухаан, технологийн төсөл,
2.4.2.Батлагдсан хөрөнгө, санхүү бүхий суурь судалгааны ажил,
2.4.3.Шинжлэх ухаан, технологийн гэрээт ажил
2.4.4.Шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэл, сэдвээр 3 хүртэл жилийн хугацаатай гүйцэтгэж байгаа судалгааны ажил,
2.4.5.Өөрийн судалгааны ажлын үр дүнг боловсруулан нэгтгэж, нэгэн сэдэвт бүтээл болгож боловсролын болон эрдмийн зэрэг хамгаалсан ажил,
2.4.6.Судалгааны ажлын явцад бий болсон технологи, шинэ бүтээгдэхүүн болон бусад үр дүнгүүдэд эрх зүйн баталгаажуулалт хийлгүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх болон гадаадын шинэ техник, технологи, бүтээгдэхүүнийг өөрийн орны нөхцөлд тохируулан ашиглаж, нутагшуулах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, мэдлэгийг зах зээлийн эргэлтэнд оруулах чиглэлээр гүйцэтгэсэн ажил,
2.4.7.Бакалавр оюутны төгсөлтийн болон магистр, докторын судалгааны ажил удирдаж, хамгаалуулт хийлгүүлсэн ажил.
Гурав. Багшийн эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлж, хяналт тавих
3.1 Багшийн эрдэм шинжилгээний чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг тусгай журмын дагуу багшийн кредит цагийн ажлын гүйцэтгэлд тооцох ба “шилдэг судлаач багш шалгаруулах” болзлын дагуу шалгаруулж урамшуулна.
3.2 “Судлаач багшийг” жил бүрийн 1 сарын 20-ний дотор комисс шалгаруулна.
3.3 Багш нарын эрдэм шинжилгээний ажлын 2.4.4-т хамаарах сэдвийг бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн сонгон шалгаруулж протоколоор баталгаажуулж нэг хувийг бүрэлдэхүүний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга авч, түүний дагуу гүйцэтгэлд хяналт тавьж, тайланг хагас, бүтэн жилээр гаргаж бүрэлдэхүүний сургуулийн болон ШУЗ-ийн тайланд тусгуулна.
3.4 Стандартын дагуу бичигдсэн дууссан эрдэм шинжилгээний ажлын тайланг арга зүйтэй тулган шалгаж зохих техникийн бичиг баримтын хамт Эрдмийн зөвлөлөөр шүүн хэлэлцэнэ.
3.5 Эрдмийн зөвлөлөөр шүүн хэлэлцсэн эрдэм шинжилгээний ажлын тайлан, баталгаажсан үр дүнгүүдийг электрон болон цаасан хэлбэрээр сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хүлээн авч, каталогижуулна.
3.6 Сургуулиудын дотоодын эрдэм шинжилгээний ажлын сэдэв чиглэлийг сонгохдоо онолын болон оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэнд оруулах асуудлыг эхний ээлжинд харгалзан үзнэ.
Дөрөв. Санхүүжилт
4.1.Багш нарын эрдэм шинжилгээний (сургуулийн дотоодын) ажлын санхүүжилтын хэмжээг сургуулийн жилийн төсвийн 0.005 хувиас хэтрэхгүйгээр төлөвлөнө.
4.2. Сэдэвт (2.4.4-т заасан) ажлын арга зүй батлагдсанаас хойш санхүүжилтыг олгож эхлэнэ.
4.3. Сэдэвт ажил эхэлсэнээс хойш хагас, бүтэн жилийн тайланг тухай бүр бичиж, зардлын тооцоог хийх бөгөөд тайланг ирүүлээгүй тохиолдолд санхүүжилтыг зогсооно.