Сүүн бүтээгдэхүүний цех

Нийтлэгч : .
Огноо: 2012-02-16 00:00:00

Сүүний цехийн товч танилцуулга

 

            Тус цех нь 2000 онд анх “Зайрмагийн цех” нэртэй байгуулагдаж сүүтэй зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жил гаран үйл ажиллагаа явуулсан байна. Харин хариуцаж ажиллах хүн байхгүй мөн эргэлтийн хөрөнгөгүйн улмаас үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь явуулж чадахгүй зэрэг шалтгаанаар цехийн байрыг хэсэг хугацаанд түрээслэж байгаад 2004 оноос сургууль өөрөө хариуцаж ажилласан. Гэвч 2009 оныг хүртэл зөвхөн Мах сүү үйлдвэрлэлийн технологич мэргэжлийн ангийн оюутнуудад сургалтын дадлага хийлгүүлэх зорилгоор хэсэгхэн хугацаанд ажилладаг байсан бөгөөд сүүтэй, шоколадтай, жимтэй, самартай гэх мэт нэлээд хэдэн төрлийн зайрмаг үйлдвэрлэж байсан. Зайрмагийн машин хуучирч үйл ажиллагаа нь доголдсон тул зайрмагийг их хэмжээгээр үйлдвэрлэж борлуулах боломж байгаагүй. Бид энэ хугацаанд зайрмагийн олон жор, технологийг туршиж одоо бидний гол нэрийн бүтээгдэхүүн болох “Бамбуулай” зайрмагийн жор, технологийг боловсруулсан. 

            Харин 2009 оны хавраас цехийг түрээслэж байсан Жигжидпүрэвээс түүний ашиглаж байсан 3 гартай зайрмагийн машиныг нэг сая төгрөгөөр худалдан авснаар тодорхой хэмжээний зайрмагийг тус сургуулийн оюутан, багш, ажилчдад борлуулах болсон. Түүнчлэн төв аймгийн Баянчандмань сумд байрлах “Мон таримал” үнээний фермтэй гэрээ хийж шингэн сүү тогтмол авах болсноор шингэн сүү, тараг, цөцгий, зөөхий, шар тос, хайлмаг, зайрмаг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сүүний цех болон өргөжсөн.

            Тус цехэд оюутнууд сүү, цагаан идээ боловсруулах технологи эзэмшиж дадлагажихын зэрэгцээ хичээлийн жилийн туршид оюутан, багш, ажилчдад экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлж байна.

           

           

 

 Сүүний цехийн зорилго

 

  • Мах-сүүний технологич инженер, таваар судлаач, зооинженер, биотехнологич, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент зэрэг мэргэжлийн ангийн оюутнуудын танхимийн сургалт мөн үйлдвэрлэл болон сургалтын дадлагыг үр дүнтэй чанартай явуулах материаллаг баазаар хангаж оюутнуудын сурах таатай орчинг бүрдүүлэх
  • Мэргэшсэн малчны анги, сонирхогч иргэн, фермерүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүний технологийн чиглэлээр шаталсан сургалтуудыг зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийг холбож туршилт судалгааны ажил хийх
  • Стандарт чанарын шаардлага хангасан тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ХААИС-ийн багш, оюутнууд болон Улаанбаатар хотын хүн амын сүүн бүтээгдэхүүний тодорхой хэрэгцээг хангах
  • Сургууль болон тэнхмийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх

Сүүний цехэд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл 

  1. Зайрмаг /сүү, шоколад, жимс, самартай/
  2. Тараг /чихэр, жимстэй/
  3. Цөцгий
  4. Зөөхий
  5. Шар тос
  6. Хайлмаг