ОЛОН УЛСЫН ХОС ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус сургуульд элсэн орсноор суралцаж буй мэргэжлээрээ Олон Улсын хамтарсан хос зэргийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрэн нээгдэх юм. 2011 оны байдлаар Хөдөө аж ахуйн их сургууль хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гадаадын 6 орны 11 их сургуультай хос зэрэг олгох 13 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.
ХӨТӨЛБӨР-I.
БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуультай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөр. БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль нь 1947 онд байгуулагдсан, бүрэлдэхүүний 13 коллежтэй, бакалаврын 76, магистрын 9 хөтөлбөрөөр 30,000 гаруй оюутан суралцдаг.
ХӨТӨЛБӨР-II.
Канад улсын Саскатчеваны их сургуультай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөр. Канад улсын Саскатчеваны их сургууль нь 1907 онд байгуулагдсан, Канад улсын топ 20 их сургуулийн нэг. Бакалаврын 58, магистрын 65, докторын 60 мэргэжлийн зэрэг олгодог. Тус их сургууль нь 14 коллеж, 3 магистр, докторын сургууль, 6 салбар коллеж, 16000 гаруй бакалавр, 2200 гаруй магистр, доктор суралцдагаас 87 орны 1200 гаруй гадаад оюутантай улсын их сургууль юм.
ХӨТӨЛБӨР-III.
ОХУ-ын Москвагийн Скрябины нэрэмжит мал эмнэлэг биотехнологийн академитай хамтарсан бакалаврын 4+1 хөтөлбөр. ОХУ-ын Москвагийн Скрябины нэрэмжит мал эмнэлэг биотехнологийн академи нь анх 1919 онд байгуулагдсан. Малын эмч, мал зүйч, мал эмнэлэг-биологи, таваар судлал, мал аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийн хяналт, үнэлгээ, технологи зэрэг мэргэжилтэн, доктор бэлтгэн гаргадаг олон улсад нэр хүнд бүхий академи юм.
ХӨТӨЛБӨР-IV.
ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академитай хамтарсан бакалаврын 2+3, 2+2 хөтөлбөр. Эрхүүгийн ХАА-н академи нь 1935 онд байгуулагдсан бөгөөд мэргэжилтний 19, бакалаврын 8, магистрын 9 чиглэлээр сургалт явуулдаг. Агрономи, ХАА-н механикжуулалт, агнуурзүй, биотехнологи ба мал эмнэлэг, эрчим хүч, эдийн засаг гэсэн 6 факультетэд нийт 8,000 гаруй оюутан, 2,000 гаруй сонсогч эчнээгээр суралцдаг.
ХӨТӨЛБӨР- V.
ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуультай хамтарсан бакалаврын 2+2, 1+3, 1+4, 2+3 хөтөлбөр. Тус сургууль нь 70 гаруй жилийн түүхтэй. Алс Дорнод, Сибирийн хөдөө аж ахуйн чиглэлийн шилдэг их сургуулиудын нэг. Бүрэлдэхүүний 2, 11 факультет, 3 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Бакалаврын 12, мэргэжилтний 29, магистрын 4, мэргэжлийн зэргийн 5, докторын 27, мэргэжил дээшлүүлэх 34, техник мэргэжлийн зэргийн 20, нийт 101 чиглэлээр дээд боловсрол олгодог бөгөөд 13,000 оюутан, 800 гаруй багш, ажиллагсадтай.
ХӨТӨЛБӨР-VI.
Өвөрмонголын Хөдөө Аж Ахуйн их сургуультай хамтарсан бакалаврын 3+1, 4+1 хөтөлбөр. Өвөрмонголын ХААИС нь 1952 онд байгуулагдсан нийт 28 000 оюутан, 1600 багш ажиллагсадтай. Тус их сургууль бүрэлдэхүүний 19 коллеж, 6 судалгааны хүрээлэн, 7 улсын чанартай лаборатори, 8 орон нутгийн чанартай лабораторитой. Бакалаврын 58, магистрын 72 болон доктор, докторын дараах сургалтын 33 хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
ХӨТӨЛБӨР-VII.
ОХУ-ын Буриадын хөдөө аж ахуйн академитай хамтарсан бакалаврын 1+4 хөтөлбөр.
В.Р.Филипповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн академи нь анх 1931 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутагт хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг томоохон академи юм. Одоогоор 8 факультетад бакалаврын 40 магистр, докторын 20 хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
ХӨТӨЛБӨР-VIII.
ОХУ-ын Томскийн Улсын Багшийн их сургуультай хамтарсан бакалаврын 1.5+2.5 хөтөлбөр. Томскийн улсын багшийн их сургууль нь Сибирь дэх хамгийн эртний мэргэжлийн боловсролын их сургууль юм. Анх 1902 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй, физик-математик, байгалийн ухаан, түүх судлал, орос хэл уран зохиол, гадаад хэл, биеийн тамирын 6 факультетад 33 мэргэжлийн хөтөлбөрөөр бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалт явуулдаг.
ХӨТӨЛБӨР – IX
Европын холбооны “Erasmus Mundus” хөтөлбөр, Номхон далай, Азийн бүсийн их сургуулиудын холбоо /ERURASIA-PACIFIC, UNINET/ зэрэг төслийн хүрээнд Их британи, Австри, Итали, Чех, Польш зэрэг оронд оюутан, багш, судлаачийг 1500-2500 еврогийн тэтгэлэгтэйгээр, Азийн бүсийн орнуудад оюутан солилцооны хөтөлбөрөөр мэргэжлийн бүх чиглэлээр суралцдаг.