ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ

Нийтлэгч : .
Огноо: 2012-08-30 00:00:00

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ

 

Нэг. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагын төлөвшил, бүтэц, үйл ажиллагаа


Мал эмнэх, боловсруулан сайжруулах сургууль (1923 онд байгуулагдсан) болон судар бичгийн хүрээлэнгээс гараагаа эхэлсэн ХАА-н шинжлэх ухааны салбар 1961 оноос эрчимтэй өргөжин, төрөлжиж  улмаар түүнийг удирдан зохион байгуулах үүрэг Шинжлэх ухааны академи, ХХААЯ, түүний дэргэдэх Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлд төвлөрч байснаа 1993 оноос ХААИС-д шилжин ирсэн. Эдүгээ тус салбар нь  эрдэм шинжилгээний толгойлох 4 хүрээлэн, ХАА-н техникийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн корпораци, ХААИС, түүний бүрэлдэхүүний 9 сургууль, төвүүд, Монгол орны төрөл бүрийн бүс нутгийг хамран үйл ажиллагаа явуулдаг хөдөөгийн 3 хүрээлэн, станц, 5 салбар, лаборатори тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулдаг Хөдөө аж ахуйн  шинжлэх ухааны зөвлөл бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн  бүхэл бүтэн систем бүрэлдэн бий болж, салбарын яамд, ШУА- ийн Биологи Хөдөө аж ахуйн бага чуулган болон бусад холбогдох газар, байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Төв орон нутгийн дээр дурьдсан байгууллагуудад эрдэм шинжилгээний болон сургалт эрдэм шинжилгээний төрөлжсөн 90 гаруй лабораторт нарийн мэргэшсэн задлан шинжлэгч, залуу судлаачид магистрант, докторантууд ажиллаж, суралцаж, судалгааны ажлын шинэ арга зүй эзэмшиж түүнчилэн эрдэм судлалын суурь материалуудыг бүрдүүлж  байна.


Салбарын шинжлэх ухааны байгууллагуудын харилцан уялдаатай үйл ажиллагааны хүрээнд  эрдэм судлалын ажлыг уялдуулан зохицуулах, хөхүүлэн дэмжих,  олон улсын болон үндэсний эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, семинар, зөвлөлгөөн, ярилцлага зохион байгуулах, бүтээлийн үзэсгэлэн гаргах, гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, сургалтад нэвтрүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний ажилтнуудын эрх ашгийг хамгаалах  зэрэг өргөн хүрээтэй  арга хэмжээнүүдийг  зохион байгуулахын хамт Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан,  мөрдөж байна.


Одоогоор Монгол улсаас дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн шинжлэх ухааны 7 нээлтийн 5 нь тус салбарын эрдэмтдийн бүтээл байна.


Бид улсын захиалгатай Шинжлэх ухаан, технологийн 47 төсөл, онолын судалгааны 9 сэдэв Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 10 сэдэвт хөтөлбөр, тус салбарын хэмжээнд гүйцэтгэж буй нь улсын төсвийн  шинжлэх ухааны санхүүжилтийн 30 гаруй  хувьд хүрсэн бөгөөд манай орны эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтны 27 хувийг, шинжлэх ухаанаас оруулсан нийт орлогын 25, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн орлогын 27 хувийг тус тус бүрдүүлж байна.


ХААИС түүний бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгүүд  гадаадын 70 гаруй их сургууль, академи, хүрээлэн, олон улсын байгууллагатай  хоёр ба олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж, олон улс, бүс нутгийн бага хурал, чуулгануудыг зохион байгуулж, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.


Эдүгээ тус салбарын эрдэмтэн, судлаачдын эгнээнд ШУА-ын жинхэнэ гишүүн 6, Академийн бага чуулганы гишүүн 11, шинжлэх ухааны доктор 58, боловсролын доктор 330 байгаагийн дээр  Монгол улсын гавьяат цолтон, төрийн соёорхолтон 37 ажиллаж судалгаа, шинжилгээ, удирдлагын чиглэлээр бүтээлчээр хөдөлмөрлөж байна.


Эдгээр баримт материалууд нь Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарыг   материаллаг бааз, оюуны чадвахийн хувьд бэхжиж тогтворжсонийг харуулаад зогсохгүй  манай улсын шинжлэх ухаан - үйлдвэрлэлийн хүрээнд томоохон хувь нэмэр оруулдаг, эзлэх байр суурийн хувьд нэлээд жинтэйд тооцогддог салбар болохыг гэрчилж байна.


Манай орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлага, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд улс орны эдийн засгийн гол тулгуур болсон хөдөө аж ахуйн салбарын   шинжлэх ухаан-технологийн хөгжлийг түргэтгэх, илүү оюунлаг үйл ажиллагааг хөгжүүлэх, экологийн хувьд цэвэр, оюуны багтаамж өндөртөй бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинжилгээ судалгааг  улам төрөлжүүлэн нарийсгах, нанотехнологи, биотехнологи зэрэг  орчин үеийн  судалгааг хэрэгжүүлэх, инноваци, экстейншин, технологи дамжуулах тогтолцоог салбарын онцлогт тохируулан хэрэгжүүлэх асуудалууд шийдвэрлэх ач холбогдолтой  юм.