Солонгост ХААИС-ийн 20 оюутан тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2012-10-16 00:00:00

Солонгост ХААИС-ийн 20 оюутан тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо

solongos_big

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн гадаад хэлний тэнхимийн дэргэд солонгос хэл, соёлын төвийг нээлээ. Төвийн нээлтийн ажиллагаанд Чонбукийн үндэсний их сургуулийн ректор, доктор Со Жо Сок, гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Пак Ёон Жин, мэргэжилтэн Жү Сэүн Бин, ХААИС-ийн ректор, академич Б.Бямбаа болон холбогдох удирдлагууд оролцлоо.

Тус төвийг нээснээр ХААИС-ийн оюутнууд солонгос хэл сурах, тус орны соёлтой танилцахаас гадна мэргэжлээрээ тухайн сургуульд дэвшин суралцах боломжтой болох юм. Шинээр байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Чонбукын үндэсний их сургуульд жил бүр 20 оюутан, 2 докторант тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон байна. Мөн хос хөтөлбөрт жил бүр 5 оюутан хамрагдах боломжтой аж.

ХААИС нь дэлхийн 24 орны 130-аад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд тус сургуультай 2007 оноос оюутан солилцоо, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж иржээ.   Одоо тус сургуульд ХААИС-иас 30 гаруй оюутан бакалавр, магистр, докторын сургалтад суралцаж байгаа бөгөөд хос хөтөлбөрт хамрагдсан анхны оюутан сургуулиа амжилттай дүүргэсэн байна.