МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нийтлэгч : .
Огноо: 2012-11-27 00:00:00

Менежментийн УЛСЫН VIII олимпиад зохион байгуулах журам

menejment_big

Нэг. Нийтлэг зүйл

Аливаа байгууллагын амжилтын үндэс нь зөв менежмент, өндөр мэдлэгтэй, чадварлаг  менежерүүд байдаг. Иймд менежментийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, залуучуудын менежерийн авъяас, мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Тус олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох явдал юм.

Хоёр.Олимпиадын хамрах чиглэл:

-      Менежментийн үндэс

-      Хүний нөөцийн менежмент

-      Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент

-      Санхүүгийн менежмент

 

Гурав. Олимпиадын зохион байгуулалт

 Нэгдүгээр шат:  Менежментийн онолын мэдлэг шалгах уралдаан. Үүнд:

  1. Тест
  2. Бодлого

 Хоёрдугаар шат:  Ур чадвар шалгах уралдаан. Үүнд:

    1. Өгөгдсөн сэдвийн хүрээнд тоон өгөгдөл ашиглан MS-EXCEL программ дээр боловсруулалт хийх
    2. Боловсруулсан тоон өгөгдлийг ашиглан MS-WORD программ дээр тайлан бичиж, дүгнэлт гаргах
    3. Тайлангаа MS-POWERPOINT програм дээр хөрвүүлж, слайд бэлдэх
    4. Илтгэл тавих

 

 Дөрөв. Олимпиад зохион байгуулах хугацаа

 -      Олимпиадын нэгдүгээр шат 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1000 цагаас, хоёрдугаар шат нь 2011 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 1000 цагаас тус тус явагдана.

Хаяг: Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль, Менежментийн тэнхим,

207 тоот өрөө, Харилцах утас: 99748787; 88408801; 99156615; 99152552

 ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

“Менежментийн улсын олимпиад”-ын товч танилцуулга

Өмнөх жилүүдийн улсын олимпиадад Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас нийт 30 гаруй их, дээд сургууль, коллежийн оюутнууд оролцож ур ухаанаа уралдуулж байсан бөгөөд “Увс хүнс” групп, “Улаанбаатар хивс” ХК, “Магнай Трейд” ХХК, ХААН банк, “Тэсо Трейд” ХХК,“ХААН хүнс” ХХК, “Магнай трейд” ХХК, “Итгэлт аудит” ХХК, “Эвсэг” ХХК, Мобиком, “EYE” студи,TV5, NTV, TV9 телевиз, “Olloo.mn”, ”Xopom.com” ”Тэргүүн” сонин, “Улс төр менежментийн академи”, “Долоон болдог” компаний “Kitchen all” төв зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, шалгарсан зарим оюутнуудыг ажлын байраар хангасан болно. Түүнчлэн олимпиадад ОХУ-ын Буриадын ХАА-н их сургууль, Эрхүүгийн ХАА-н Академи, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, БНСУ-ын Суньчоны их сургуулийн оюутнууд оролцож байсан нь “Менежментийн улсын олимпиад” нь олон улсын түвшинд танигдах гараагаа амжилттай эхлэж байгаагийн илрэл юм.

 Менежментийн Улсын I олимпиад. Менежментийн чиглэлийн 5  их, дээд сургуулийн 30 оюутан оролцож, ХААИС-ийн Менежментийн ангийн оюутан Б.Норжмаа, багийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС түрүүлжээ.

Менежментийн Улсын II олимпиад. Менежментийн чиглэлийн 22  их, дээд сургуулийн 66 оюутан оролцож, ХААИС-ийн Менежментийн ангийн оюутан Б.Батбаатар, багийн дүнгээр ШУТИС-ийн КТМС түрүүлсэн болно.

Менежментийн Улсын III олимпиад. Менежментийн чиглэлийн 25  их, дээд сургуулийн 75 оюутан оролцож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, ОХУ-ын Буриадын ХАА-н академийн оюутнууд оролцож, ШУТИС-ийн КТМС-ийн Маркетингийн удирдлагын ангийн оюутан Б.Мөнхсайхан, багийн дүнгээр ШУТИС-ийн КТМС тэргүүн байр эзэлсэн юм.

Менежментийн Улсын IV олимпиад. Менежментийн чиглэлийн 27  их, дээд сургуулийн 81 оюутан оролцож, Новосибирскийн Их сургууль, ОХУ-ын Буриадын ХАА-н академийн оюутнууд оролцож, ШУТИС-ийн КТМС-ийн Маркетингийн удирдлагын ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, багийн дүнгээр СЭЗДС түрүүлсэн болно.

Менежментийн Улсын V олимпиад. Менежментийн чиглэлийн 22  их, дээд сургуулийн 68 оюутнуудаас гадна, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, ОХУ-ын Буриадын ХАА-н академийн оюутнууд оролцож, СЭЗДС-ийн оюутан Б.Хатантуул түрүүлж, багийн дүнгээр Отгонтэнгэр Их сургуулийн баг тэргүүн байр эзэлсэн.

Менежментийн Улсын VI олимпиад. Менежментийн чиглэлийн 17  их, дээд сургуулийн 51 оюутан оролцож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургууль, ХААИС-ийн ЭЗБС-ийн оюутан П.Буяннэмэх, багийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС түрүүлжээ.

Менежментийн Улсын VII олимпиад. Менежментийн чиглэлийн 21  их, дээд сургуулийн 91 оюутан оролцож, ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н академи болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн оюутнууд оролцож, ШУТИС-ийн КТМС-ийн оюутан А.Баярцэцэг түрүүлж, багийн дүнгээр ШУТИС-ийн КТМС тэргүүн байр эзэлсэн.

Менежментийн Улсын VIII олимпиадыг 2012 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус олимпиадын ач холбогдол, хамрах хүрээ жил бүр өргөжиж дотоодын томоохон их, дээд, сургууль, коллежуудаас гадна ОХУ-ын Буриадын ХАА-н академи, Эрхүүгийн Академи, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Тариалангийн их сургуулиас өөрийн багаа оролцуулах албан ёсоор мэдэгдээд байна.

ХААИС, ЭЗБС-ийн эрдмийн зөвлөл