Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг бүтээлийн эзэд тодров
Зүүн гар талаас БУС-ийн тэнхимийн эрхлэгч Х.Хүрэлтогоо, илтгэгч, Б.Оюун-Эрдэнэ, Н.Болдоо, Удирдагч багш Т.Тимур, илтгэгч Д.Ернур, Г.Уудамсайхан, Б.Цэрэнпүрэв
ХААИС-ийн оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал 4-р сарын 11-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус бага хурал 3 үе шаттай болдог бөгөөд эцсийн шатанд сургууль бүрээс шалгарсан шилдэг судлаач оюутнууд илтгэлээ хэлэлцүүлдэг уламжлалтай.
Хурлыг нээж ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Г.Гантулга хэлэхдээ “Энэ бага хурлын ач холбогдол жилээс жилд өсөж байгаа. Өнгөрсөн жил тусгай байр эзэлсэн оюутны судалгааны бүтээл улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байрт шалгарч байсан. Мөн энэ жилээс журмыг шинэчилж, шагналын санг 3,5 дахин нэмэгдүүлсэн” гээд нийт оюутнуудад баяр хүргэсэн юм.
Тус хуралд 14 оюутан илтгэлээ хэлэлцүүлсэнээс Байгалийн ухааны сургуулийн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологийн IV ангийн оюутан Н.Болдоогийн “МОНГОЛ ОРОНД ТАРИАЛСАН ЖИН-ЧИ СОРТЫН ШАР БУУРЦГИЙН ҮРИЙН ХИМИЙН НАЙРЛАГА, СҮҮНИЙ ШИНЖ ЧАНАР” /Удирдагч: доктор, профессор Х.Хүрэлтогоо/ сэдэвт бүтээл НЭГДҮГЭЭР БАЙР эзэлж, өргөмжлөл, 600000 төгрөгийн шагнал хүртэв.
Харин удаах байрт Экологи, технологи хөгжлийн сургуулийн Экологи, байгаль хамгааллын IV ангийн оюутан Б.ОЮУН-ЭРДЭНЭ-ийн “НАРСНЫ ТАРЬЦЫН УРГАЛТАД ЭКТОМИКОРОЗИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ҮР ДҮН” /Удирдагч: доктор О.Бүрэнжаргал/ сэдэвт бүтээл шалгарч, өргөмжлөл, 500000 төгрөг, Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн Мал эмнэлгийн эм зүйн V ангийн оюутан Г.УУДАМСАЙХАНЫ “ЗҮҮН ГАРЫН ГОЁОНЫ ФИТОХИМИЙН СУДАЛГАА” /Удирдагч: доктор (Sc.D), дэд профессор П.Болормаа/ сэдэвт бүтээл, Инженерийн сургуулийн Цахилгаан хангамжийн инженерийн III ангийн оюутан Д.ЕРНУР, Б.ЦЭРЭНПҮРЭВ нарын “МУЛЬТИВИБРАТОРЫГ ЗОХИОН БҮТЭЭЖ АШИГЛАХ” /Удирдагч: магистр Т.Тимур/ сэдэвт бүтээл, ГУРАВДУГААР БАЙР эзэлж, өргөмжлөл, 300000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав.
Дээрх шилдэг бүтээлийн эздийг ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга хүлээн авч уулзан, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд шагналыг нь гардуулан өглөө.