“Монгол улс, Сибирийн бүс нутаг, Казахстан улс болон Болгар улсын хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын талаарх товч танилцуулга

Нийтлэгч : .
Огноо: 2013-06-24 00:00:00

“Монгол улс, Сибирийн бүс нутаг, Казахстан улс болон

Болгар улсын хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үүрэг” сэдэвт

эрдэм шинжилгээний бага хурлын талаарх товч танилцуулга

 

    Дэлхий ертөнц даяарчилагдаж буй өнөөгийн нөхцөлд хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр хүнсээр хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн дулаарлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг оновчтой, цаг алдалгүй шийдвэрлэх нь нэг улс орны бус дэлхий нийтийн санаа зовох асуудал болж буй билээ.

    Дэлхийн хүн амын оршин тогтнохын үндэс болсон эдгээр амин чухал глобал шинжтэй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд салбарын эрдэмтэд, судлаачдын үүрэг, хариуцлагыг гүнээ ухамсарлан асуудлыг бүс нутгийн хэмжээнд хамтын оюун ухаанд тулгуурлан шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх нэгдсэн зорилгын үүднээс энэхүү уламжлалт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа болно.

    Монгол Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Казахстан Улсын ХАА-н яамны дэргэдэх “КазАгроИнноваци” нийгэмлэг хамтран 1997 оноос эхлэн “Монгол улс, Сибирийн бүс нутаг, Казахстан улсын хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр бүс нутагт зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.

   Уг эрдэм шинжилгээний бага хурлаар тухайн бүс нутгийн хөгжил, байгаль орчин, цаг уурын дулааралд дасан зохицох, ХАА-н үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг улс орны өмнө тулгараад буй асуудлуудыг нэг орны хэмжээнд бус бүс нутгийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэх асуудлыг харилцан ярилцаж, шийдвэр гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоодог билээ.

   Сүүлийн жилүүдэд уг хуралд санаачлагч орнуудаас гадна Болгар, Украин, Беларусь зэрэг улсын ХАА-н эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид идэвхтэй оролцож, хамтын ажиллагаа өргөжсөөр байгаа болно. Энэ удаагийн 16 дахь олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуулийн нөөцөд түшиглэн Монгол Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулахаар тогтож, хурлын бэлтгэл ажлууд амжилттай явагдаж дууслаа.

    Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ-ын ХААШУАкадемийн дэд ерөнхийлөгч, Сибирийн салбарын дарга А.С.Донченко тэргүүтэй тус бүс нутгийн салбарын 10 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, Казахстан улсын салбарын эрдэм шинжилгээний 6 байгууллагын удирдах албан тушаалтнууд, Болгар улсын ХААШУАкадемийн ерөнхийлөгч П.Л.Славейков нар өөрсдийн биеэр оролцож, илтгэл хэлэлцүүлэхээс гадна АНУ-д төвтэй Бионүүрсний санаачилга байгууллагын судлаач К.Фрогнер, БНСУ-ын Ханкены үндэсний их сургуулийн профессор Т.Ким нар судалгааны ажлын үр дүнгээ тус тус танилцуулж байгаагаар энэ удаагийн бага хурал онцлог болж байна.

    Тус бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан жил бүр бүс нутгийн эрдэмтэд, судлаачдын эрдмийн бүтээлийг эмхэтгэн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл болгон Орос, Англи хэл дээр хэвлэн нийтлэж, нийтийн хүртээл болгодог бөгөөд уг бүтээл нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг томоохон эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болдог. Энэ удаагийн бага хурлын эмхэтгэлд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, механикжуулалт, хөдөө аж ахуйн эдийн засаг ба газрын асуудал, ХАА-н үйлдвэрлэлийн мэдээллийн технологи, инноваци, дэвшилтэт технологи дамжуулалт зэрэг чиглэлээр 450 гаруй эрдэм шинжилгээний бүтээл орсон бөгөөд Монгол улсаас ХААИС болон түүний харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын бүтээлээс гадна МУИС, ШУТИС, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Монголын сүү судлалын шинжлэх ухааны холбоо, Хүнсний  эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО хүрээлэн  зэрэг байгууллагуудын судлаачдын бүтээл багтсан болно.

 

Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөл

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ажлын алба