Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд орон орны эрдэмтэд хамтран ажиллана

Нийтлэгч : .
Огноо: 2013-06-24 00:00:00

Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд

орон орны эрдэмтэд хамтран ажиллана

 

    Монгол Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Казахстан Улсын ХАА-н яамны дэргэдэх “КазАгроИнноваци” нийгэмлэг хамтран 1997 оноос эхлэн “Монгол улс, Сибирийн бүс нутаг, Казахстан улсын хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр бүс нутагт зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.

    Энэ удаагийн 16 дахь олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуулийн нөөцөд түшиглэн Монгол Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран амжилттай зохион байгууллаа.

    Тус бага хуралд ОХУ-ын ХААШУАкадемийн дэд ерөнхийлөгч, Сибирийн салбарын дарга А.С.Донченко тэргүүтэй тус бүс нутгийн салбарын 10 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага, Казахстан улсын салбарын эрдэм шинжилгээний 6 байгууллагын удирдах албан тушаалтан, судлаачид Болгар улсын ХААШУАкадемийн ерөнхийлөгч П.Л.Славейков нар оролцож, илтгэл хэлэлцүүлсэнээс гадна АНУ-д төвтэй Бионүүрсний санаачилга байгууллагын судлаач К.Фрогнер, БНСУ-ын Ханкёны үндэсний их сургуулийн профессор Т.Ким нар судалгааны ажлын үр дүнгээ тус тус танилцуулсанаар энэ удаагийн бага хурал онцлог болсон юм.

    Тус бага хурлын үеэрхамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бүс нутгийн хэмжээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, нэмэгдсэн өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах 6 гэрээ байгуулсан байна.

    Тухайлбал, ХААИС-ийн Экологи, технологи, хөгжлийн сургууль ОХУ-ын Тувагийн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хил орчмын бүсийн мал аж ахуй болонбайгаль орчны судалгааны чиглэлээр, Красноярскийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэхчиглэлээр тус тус хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Монгол улсын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Казахстаны Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй адуу болон каракуль үүлдэрийн хонь үржүүлэх чиглэлээр, ХААИС-ийн Инженерийн сургууль Омскийн ХАА-н машин, туршилтын үйлдвэртэй туршлага солилцох, хамтран ХАА-н машины үйлдвэрлэлийг Монгол улсад хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

    Энэ удаагийн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэлд мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, механикжуулалт, хөдөө аж ахуйн эдийн засаг ба газрын асуудал, ХАА-н үйлдвэрлэлийн мэдээллийн технологи, инноваци, дэвшилтэт технологи дамжуулалт зэрэг чиглэлээр бүс нутгийн 20 орчим эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдын туршилт, судалгааны үр дүнг багтаасан450 гаруй эрдэм шинжилгээний бүтээл орсон бөгөөдМонгол улсаас ХААИС болон түүний харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын бүтээлээс гадна МУИС, ШУТИС, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Монголын сүү судлалын шинжлэх ухааны холбоо, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн САМО хүрээлэн зэрэг байгууллагуудын судлаачдын бүтээл багтсан юм.

    Тус хурлаар цаашид дээрх бүс нутгийн эрдэм шинжилгээнийбайгууллагуудаас  гадна Азийн орнуудын ХАА-н чиглэлийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүс нутагт тулгамдаад буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд нэвтрүүлэх, тус хурлын цар хүрээг өргөжүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 

hurlin_urdun