ХААИС-ийн ректорын тушаал
ХААИС-ийг хөгжүүлэх “ХААН КАМПУС” хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Докторын дараах судалгаа” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, залуу судлаачдын туршилт, судалгааны ажлыг дэмжих, үр, өгөөжийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:
Нэг. ХАА-н Шинжлэх ухааны зөвлөл, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ажлын алба, Магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулиас санаачлан, хамтран боловсруулсан “Залуу судлаачдад докторын дараах судалгаанб ажлын грант олгох журам”-ийг хавсралтаар баталсугай.
Хоёр. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг ХАА-н Шинжлэх ухааны зөвлөл /Ш.Дэмбэрэл/, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи /А.Бакей/, Магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургууль /Б.Баттөр/-д тус тус үүрэг болгосугай.
Гурав. Уг журмын дагуу шалгарсан судалгааны ажилд журмын 1.3 дах хэсэгт заасны дагуу санхүүжүүлж, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг ерөнхий санхүүч /Д.Янжмаа/-д зөвшөөрсүгэй.
РЕКТОР АКАДЕМИЧ, ПРОФЕССОР Б.БЯМБАА
ХААИС-ийн Ректорын 2012 оны
.... тоот тушаалын хавсралт
ЗАЛУУ СУДЛААЧДАД ДОКТОРЫН ДАРААХ
СУДАЛГААНЫ АЖЛЫН ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журам нь хөдөө аж ахуйн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг, боловсролын докторын зэрэгтэй залуу судлаачдад ХААИС-ийн ректорын нэрэмжит судалгааны грант (цаашид “грант” гэх) олгох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журмын зорилго нь хөдөө аж ахуйн салбарын залуу судлаачдын туршилт, судалгаа, инновацийн ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрдэмтэд, судлаачдын залуу халааг бэлтгэхэд оршино.
1.3. Докторын дараах судалгааны ажлын грант олгох шалгаруулалтыг жилд нэг удаа зохион байгуулах ба нэг удаагийн шалгаруулалтаар 3 хүртэл судалгааны ажилд тус бүр 2 (хоёр) сая хүртэл төгрөгийн грант олгоно.
1.4. Судалгааны ажлын грант-д хөдөө аж ахуйн чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилтын ажил идэвхтэй гүйцэтгэж буй 40 хүртэлх насны залуу эрдэмтэн, судлаачид нээлттэй оролцох боломжтой.
Хоёр. Судалгааны ажлыг грант-д нэр дэвшүүлэх
2.1. Судалгааны грант-д бүтээл нэр дэвшүүлэх эрхийг тухайн салбар шинжлэх ухааныг харьяалах их сургууль, түүний бүтцийн болон харьяа эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын Эрдмийн зөвлөл эдэлнэ.
2.2. Нэр дэвшүүлэх бүтээлийн талаар дараах материалыг бүрдүүлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор ХАА-н шинжлэх ухааны зөвлөлд ирүүлнэ. Үүнд:
2.2.1. Бүтээл нь дэвшиж буй судлаачийн ажил байдлын тодорхойлолт,
2.2.2. Судлаачийн бүтээлийн жагсаалт,
2.2.3. Бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэл
2.2.4. Грант горилж буй судалгааны ажлын төсөл зэрэг болно.
2.3. Судалгааны грантыг хэрэгжүүлэх хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
Гурав. Грант олгох судалгааны ажлын шалгаруулалт
3.1. Судалгааны ажлын грант олгох бүтээлийг шалгаруулалтыг ХАА-н шинжлэх ухааны зөвлөл, ХААИС-ийн магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургууль хамтран зохион байгуулах ба шалгаруулалтын комиссыг жил бүр ректорын тушаалаар томилж, ажиллуулна.
3.2. Грант олгох судалгааны ажлыг шалгаруулахдаа дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ. Үүнд:
3.2.1. Судалгааны ажлыг гүйцэтгэх арга зүйн төвшин;
3.2.2. Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол, нийгмийн болон эдийн засгийн үр, өгөөж;
3.2.3. Судалгааны ажлын шинэлэг, дэвшилттэй болон инновацийн шинж;
3.2.4. Судлаачийн судалгаа ажил гүйцэтгэх дадлага, туршлага зэрэг болно.
3.3. Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн залуу судлаачдад грант олгох асуудлыг ХАА-н шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, ХААИС-ийн ректорын хамтарсан тушаалаар шийдвэрлэж, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд олгоно.
Дөрөв. Грантыг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, тайлагнах
4.1. Судалгааны грантыг нэг удаа бүтнээр нь судлаачид олгоно.
4.2. Судалгааны ажлын грант олгогдохоор шийдвэрлэгдсэн судлаач нь ХАА-н шинжлэх ухааны зөвлөл, ХААИС-ийн магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургууль, ХААИС-ийн санхүүтэй гэрээ байгуулж, ХААИС-ийн ректорын баталгаажуулсанаар түүнийг хэрэгжүүлэх эрх нээгдэнэ.
4.3. Судалгааны ажлын хэрэгжилт, явцад тухайн судлаачийг харьяалах байгууллагын Эрдмийн зөвлөл хяналт тавьж ажиллана.
4.4. Судлаач, судалгааны грантыг хэрэгжүүлэх хугацаанд гүйцэтгэсэн туршилт, судалгаа, инновацийн ажлын явц, судалгааны зардлын зарцуулалтын тайланг жил бүр гарган холбогдох байгууллагын Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлтийг гэрээ байгуулсан талуудад тус бүр нэг хувийг ирүүлнэ.
4.5. Судлаач нь грант авсан судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайланг боловсруулж, судалгааны ажил хэрэгжиж дууссанаас хойш 30 хоногийн дотор ХАА-н шинжлэх ухааны зөвлөл, ХААИС-ийн магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуульд ирүүлэх ба судалгааны ажлын санхүүжилт, зарцуулалтын тайланг ХААИС-ийн санхүүд мөн хугацаанд тушаасан байна.
4.6. Судлаач гэрээнд тусгагдсан судалгааны ажлын үр дүнг бүрэн биелүүлээгүй тохиолдолд грантаар авсан хөрөнгийг гэрээнд заасны дагуу, ХААИС-ийн санхүүд буцаан төлнө.
--- оо ---