Канадын Саскатчеваны Их Сургуультай шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурлаа /2013-10-28/

Нийтлэгч : .
Огноо: 2013-10-28 00:00:00

Канадын Саскатчеваны  Их Сургуультай шинэчилсэн

гэрээнд гарын үсэг зурлаа


new_rektor_big_28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон тэргүүтэй төлөөлөгчид 10- р сарын 25-нд манай улсад төрийн айлчлал хийсэн юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын ХААИС, Канадын Саскатчеваны Их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Канадын Саскатчеваны Их сургуулийн Хөдөө аж ахуй, био нөөцийн сургуулийн захирал Мэри Бухр нар Төрийн ордоны ёслолын танхимд гарын үсэг зурлаа.

Мөн Канад улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар солилцлоо. Мөн Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Арилжааны корпорац хооронд хөдөөгийн малчдын амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлээр харилцан ойлголцох санамж бичгийг Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар үзэглэсэн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Энэ айлчлал бол Канадын талаас хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Мөн Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог. Бид хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн гээ долон салбарт хамтран ажиллах боломж бий. Канад руу Монгол Улсын иргэд урт хугацааны визээр зорчих, Канадын иргэд 30 хоногийн дотор Монголд ирэхдээ визгүй ирэх боломжийг олгож байна. Канад улс, Монгол Улсын харилцаа нь ижил үнэт зүйлсээр холбогдож байдаг. Канадын Засгийн газар, төр Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжихэд эхнээс нь дэмжиж ирсэнд бид их талархдаг” гэсэн юм.

Хөдөө аж ахуйн их сургууль нь Канадын Саскатчеваны их сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар, өмнө эхлүүлсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төслийг хамтран хэрэгжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах зэрэг өргөн боломж нээгдэж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургууль нь тус сургуультай 2002 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь удаагаа гэрээгээ сунгаж, хамтран ажиллах салбар, чиглэлээ улам өргөжүүлж байна.

 

Айлчлалын үеэр Канадын Саскатчеваны хөдөө аж ахуй, бионөөцийн сургуулийн захирал Мэри Бухрийг ХААИС-ийн Гадаад - дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, профессор Х. Алтанцэцэг хүлээн авч уузан, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээр санал солилцов.

new_altantsetseg_28

 

Энэ үеэр дэд захирал Х.Алтанцэцэг өнөөдөр Монголын хөдөө аж ахуйд тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг манай хоёр их сургуулийн эрдэмтэд хамтран шийдвэрлэж, хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэлээ.

 

Үүнд:

 

  1. Монголын шинэчлэлийн засгийн газраас саалийн үнээний эрчимжсэн аж ахуйг байгуулж, дотоодын сүүний хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулаад үнээний тэжээлийн асуудлыг шийдвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх

 

-Тэжээлийн таримал болон биотехнологийн гаралтай уураг, фермент, витамин, аминхүчлийн биобэлдмэл үйлдвэрлэх

 

  1. Хотын хүн амыг хүйтний улиралд хүнсний нарийн ногоогоор хангах өвлийн хүлэмж байгуулах

 

-Бичил үржүүлгийн лаборатори байгуулж, эдийн өсгөврийн аргаар нарийн ногооны үрсэлгээ бий болгох

 

  1. Канадаас Монголд хэрэгжүүлж байгаа “Шинэ сум” төслийн хүрээнд “ямааны сүүгээр төрөл бүрийн бяслаг хийх технологи”- ийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх
  2. Монголд ургадаг байгалийн зэрлэг жимс болон өндөр ургац өгдөг таримал сорттой эрлийз сорт бий болгох чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж байгаа талаар санал солилцлоо.

 

Мөн дээрх мэргэжлийн чиглэлээр хоёр орны эрдэмтэд харилцан туршлага солилцож, судалгаа хийх, Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд Канадад үргэлжлүүлэн суралцах, англи хэлний багш ажиллуулах зэрэгт дэмжлэг үзүүлэх боломжтойг хэлсэн юм. Хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант, докторант нь Канадын Саскатчеваны их сургуулиас судалгааны ажлынхаа удирдагчийг сонгох нөхцлийг бүрдүүлж болох талаар Канадын Саскатчеваны хөдөө аж ахуй, бионөөцийн сургуулийн захирал Мэри Бухр гадаад – дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х. Алтанцэцэгтэй ярилцсан байна.

 

            Иймд, Монгол улстай байгаль, цаг уурын хувьд ижил төстэй тус улсын томоохон их сургуультай хамтран ажилласанаар хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчинг чадавхижуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байгаа юм.

Өнөөдрийн гарын үсэг зурсан санамж бичгийн шинэлэг тал нь хоёр их сургуулийн өмнөх хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг үргэжлүүлэхийн дээр Хөдөө аж ахуйн их сургууль энэ хичээлийн жилээс судалгааны их сургууль болон өргөжиж байгаатай холбогдуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар түлхүү тусгажээ.