“Нармандах сан”-ийн нэрэмжит залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал болов
Шинжлэх ухааны доктор, ХААИС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч Д.Нармандах агсаны нэрэмжит мал эмнэлэг, биотехнологийн салбарын залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал өчигдөр (2014.02.10) ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж өндөрлөлөө.
Хурлын нээлтэд ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга болон эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга оролцож, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн 36-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч богинохон хугацаанд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд амжилт гаргасан залуу эрдэмтний үйл хэргийг үргэлжлүүлэхээр шамдан суралцаж байгаа судлаачдад амжилт хүссэн юм. Мөн түүний багш, найз нөхөд, шавь нарынх нь төлөөлөл оролцлоо.
Тус хуралд 22 судлаач бүтээлээ ирүүлсэнээс 12 нь шалгаран сүүлийн шатанд илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Дээрх судлаачдаас ЭМШУИС-ийн багш, доктор О.Сарангэрэлийн “Ягаан цээнийн үрийн хэтэвчний этилийн спиртийн эсрэг элэг хамгаалах үйлдлийг хархан дээр судалсан дүн” сэдэвт бүтээл тэргүүн байрт шалгарсан бол Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Болдбаатарын “Галзуу өвчний оношлогоонд молекул биологийн шинэ арга ашиглах нь” бүтээл 2-р байрт, Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач, докторант Э.Батмагнайн “Дотрын халдварт хордлого өвчний вакцины омгийн генетик үзүүлэлтийг судалсан дүн”, Шинэ анагаах ухааны дээд сургуулийн багш доктор Л.Батгэрэлийн “Туулайд аллоксанаар чихрийн шижин өвчин үүсгэсэн үед антидиабет-3 бэлдмэлийн глюкоз ба өөх тос бууруулах үйлдлийг судалсан дүн” сэдэвт бүтээлүүд тус тус шагналт байранд шалгарлаа.
Хурлын шүүгчээр Малын гавьяат эмч, доктор, профессор Р.Содномдаржаа, Төрийн шагналт, доктор, профессор Ж.Алимаа, доктор, профессор О.Зориг, доктор, дэд профессор Л.Түмэнжаргал нар ажиллалаа. Шалгарсан бүтээлийн эздийг “Нармандах сан”-аас өргөмжлөл, 100-700 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан юм. Тус хурлыг БШУЯ, Хөдөө аж ахуйн их сургууль, Нармандах сан хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.