Мах, сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь

Нийтлэгч : .
Огноо: 2014-02-14 00:00:00

“Мах, сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт семинар боллоо


gariin_vseg_2014_02_13

Хөдөө аж ахуйн их сургууль “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Мах, сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт семинарыг өнөөдөр (2014.02.13) зохион байгууллаа.

Семинарт Монголын мах, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа бэрхшээл, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагын туршлага зэрэг олон асуудлаар тус сургууль болон харъяа хүрээлэн, төсөл хамтран хэрэгжүүлэгч БНСУ-ын Хангионы их сургуулийн эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга Монголын мах, сүү үйлдвэрлэлийн төлөөлөл болон “Траст” ХХК, “Очир дагинас” ХХК, “Шимт оргил” ХХК, “Хүнс комплекс”, “Сүү” хувьцаат компани зэрэг байгууллагын захиралтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хэдийгээр Монгол улс байгалийн болон биологийн дэлхийн хаана ч давтагдашгүй арвин баялаг нөөцтэй боловч энэхүү баялагийг үнэ цэнэтэй болгох, материаллаг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өндөр технологийг эзэмших, бүтээгдэхүүний чанар, үнэлэмж, баталгаажуулалтыг хангаж дэлхийд таниулах, экспортын баримжаатай брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахад энэхүү санамж бичгийн ач холбогдол оршиж байгаа юм.     

ХААИС нь Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болон хөгжих, зах зээлийн эрэлт хэрэглээнд суурилсан судалгаа хөгжлийн амьд холбоог хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ зорилтыг хэрэгжүүлэн ажиллах нэгээхэн хэсгийн  хүрээнд 2013 оны 4-р сараас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОИКА/-ийн санхүүжилтээр Хангионы үндэсний их сургуультай хамтран “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго нь Монгол улсын экологийн цэвэр орчинд үйлдвэрлэсэн байгалийн гаралтай мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.