ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчид ХБНГУлсад айлчлав.
ХААИС-ийн захирал доктор, профессор Т.Хэрүүга, ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Г.Гантулга, ХАА-н Машин ашиглалтын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ХААИС-ийн төлөөлөгчид 2014 оны 1 дүгээр сарын 13-20-ний өдрүүдэд ХБНГУ болон Монгол улсын Засгийн Газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалан” төслийн удирдах хорооны ээлжит хуралд оролцож, төслийн хүрээнд ХАА-н үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ технологи, техник тоног төхөөрөмжтэй танилцах туршлага судлах, мөн ХБНГУ-д жил бүр уламжлал болгон хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр зохиогддог “Ногоон долоо хоног”-н үйл ажиллагаанд оролцох аялал хийв.
Төлөөлөгчид 2014 оны 1 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Герман улсын Нийнбург хот дахь ХАА-н техникийн академи, биохий+сүүний үйлдвэрлэлийн хосолсон, салхи+сүүний үйлдвэрлэл хослосон аж ахуйн үйл ажиллагаатай танилцав.
Нийнбург хотын “Deula Nienburg” ХАА-н академи болон ХААИСургууль цаашид хамтран ажиллах талаар урт хугацааны гэрээ байгуулж, манай сургуулийн залуу багш судлаачид болон оюутнуудыг 6-12 сарын хугацаатай Германд мэргэжил дээшлүүлэх дадлагажуулах талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Монгол Улсын ҮХАА-н Яамны дэд сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ХАА-н бүтээгдэхүүний “Ногоон долоо хоног” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцож энэ үеэр Холбооны Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Ханс-Петер Фрийдрихт бараалхаж, сайдаар томилогдсонд баяр хүргэх үйл ажиллагаанд оролцов.
Айлчлалын үеэр хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалан” сэдэвт төслийн Герман талын хэрэгжүүлэгч болох ХБНГУ-ын ҮХАА-н яамны төрийн нарийн бичгийн дарга болон Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ИАК, ГФА зэрэг байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж төслийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
2014 оны 1 дүгээр сарын 17,18-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдсан дэлхийн 77 орон оролцож байгаа “Ногоон долоо хоног” үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай ХААИС-ийн төлөөлөгчид биечлэн танилцаж туршлага судласан нь айлчлалыг үр дүнтэй болгосон гэж үзэж байна.