Онол-үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулагдав

Нийтлэгч : .
Огноо: 2014-03-07 00:00:00

Онол-үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулагдав


onol_big2014-03-07

Японы ХАА-н судалгааны олон улсын төв /JIRCAS/ -өөс БНХАУ-ын  Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Зүүн хойд Азийн хуурай бүс нутгийн уур амьсгалын эрс тэс өөрчлөлтийн нөлөөгөөр үүсэх эрсдэлд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуй эрхлэх тогтолцоог бүрдүүлэх нь” 2011 оноос төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. “Хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дээрхи  төслийн сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн судалгааны үр дүнг хэлэлцэх олон улсын онол-үйлдвэрлэлийн бага хурал 3 дугаар сарын 5-ны өдөр ХААИС дээр зохион байгуулагдлаа.

onol_big2014-03-07-1

Тус хуралд төслийн удирдах зөвлөлийн гишүүн, судлаач K.Toryama, А.Hirano, S.Oniki, T.Matsumoto, А.Uehara, төслийн залуу судлаач С.Золзаяа, С.Баярмаа, Г.Чулуунбат, Өвөрмонголын судлаач Du Filin, Агробиологийн сургуулийн багш, судлаач  Д.Түвшинбаяр, Б.Батбилэг, Эдийн засгийн сургуулийн багш, судлаач Ү.Мyeruert нар бэлчээрийн менежмент, ургамлан нөмрөгийн төлөв байдлын өөрчлөлт, тэжээлийн нөөц, бэлчээрийн зураглал, мэдээлийн систем, малчин өрхийн амьжиргааны төвшин зэрэг чиглэлээр гүйцэтгэсэн нийт 12 судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байна. Дээр дурдсан судалгааны ажлууд нь малчид болон бодлого тодорхойлогчдод чиглэгдсэн, амьдралд ойр, хэрэглээнд нэвтэрүүлж болохуйц судалгааны үр дүн байсныг тус төслийн удирдах зөвлөлийн дарга, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессоор Г.Гантулга онцолж байлаа.

Тухайлбал нэгэнт бий болсон сөрөг үзэгдэлтэй тэмцэх биш, юунаас үүдэлтэйг нь тодорхойлж, зөв хандлагыг төлөвшүүлэхэд уг төслийн гол зорилго оршиж байгаа юм. Дээрх төслийн бас нэг зорилго нь залуу судлаачдыг чадавхижуулах, судалгааны орчныг бэхжүүлэх явдал. Уг төслийн хүрээнд 20 гаруй оюутан бакалавр, 10 гаруй судлаач магистрын зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд одоогоор 10 гаруй магистрант, докторант оюутнууд судалгааны ажлаа гүйцэтгэж байна.

Мөн тус их сургуулийн судалгааны орчныг бэхжүүлэх ажлын хүрээнд бэлчээр, тэжээлийн үнэлгээний орчин үеийн лабораторийг ХААИС дээр байгуулсан нь тус их сургуулийн судлаачдад өргөн боломж олгож байгаа билээ. Олон улсын онол-үйлдвэрлэлийн бага хурлын дараа тус төслийн Удирдах зөвлөлийн хурал болж, цаашид төслийнхөө зорилтот үр дүнд хүрэхийн тулд хэрхэн ажиллах талаараа ярилцсан юм.  Энэ удаагийн онол-үйлдвэрлэлийн бага хуралд  Японы JIRCAS төвийн дэд ерөнхийлөгч М.Ясунаки оролцлоо.

JIRCAS  олон улсын байгууллагын гол зорилго нь хөгжиж буй орнуудыг хүнсний дутагдал болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зохистой технологи, зөв шийдлийг боловсруулахад оршдог аж.  Дээрх төсөл 2011-2016 он хүртэл хэрэгжих юм.