Лабораторийн шинэчлэл хийхээр “Медимпекс интернэйшнл” ХХК-тай гэрээ байгуулав

Нийтлэгч : .
Огноо: 2014-03-27 00:00:00

Лабораторийн шинэчлэл хийхээр  “Медимпекс интернэйшнл” ХХК-тай гэрээ байгуулав

 news_lab

ХААИС өчигдөр (2014.03.26) орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нийлүүлэгч “Медимпекс интернэйшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээг ХААИС-ийн Гадаад, дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, профессор Х.Алтанцэцэг,  “Медимпекс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Отгонтуяа нар үзэглэсэн юм.

Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд бүрэлдэхүүн сургууль, салбар хүрээлэнгүүдийнхээ сургалт, судалгааны лабораторийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий. Иймээс эмнэлэг, боловсролын байгууллагын тоног төхөөрөмж нийлүүлдэг олон жилийн туршлагатай дээрх компанитай хамтран ажиллахаар болсон байна.

lab_big

Гэрээг үзэглэх үеэр салбар сургууль хүрээлэнгийн захирал болон багш судлаач нарт тус компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, хэрхэн зөв сонголт хийх талаар зөвлөмж өглөө. Мөн Шинжлэх ухааны зөвлөлөөс бүрэлдэхүүн сургууль, салбар хүрээлэнгүүдээс авсан саналыг үндэслэн ХААИС-ийн хэмжээнд ямар төрлийн, хичнээн лабораторийг шинэчлэх шаардлагатай байгааг танилцуулсан юм.

Медимпекс компани нь Olimpus, Agilent, Siemens, Drager, B.Braun зэрэг дэлхийд тэргүүлэгч компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч бөгөөд нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ засвар, үйлчилгээг тогтмол хийдгээрээ онцлог юм байна.

 Монгол Улсын Засгийн газраас энэ онд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн хүчин чадлыг сайжруулахад зориулж, 1-2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөнийг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга энэ үеэр онцоллоо.