“Оюуны өмч- Төрийн алтан сан” үзэсгэлэнгээс манай оюутны бүтээл шилдэгээр шалгарав
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр 4-р сарын 26-ны өдрийг Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэ өдөрт зориуланМонголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбоотой хамтран “Оюуны өмч- Төрийн алтан сан” арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд үндэсний баялаг бүтээгч, шинийг санаачлагч, компаниуд өөрсдийн бүтээл туурвил, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж олон нийтэд танилцууллаа.
Эдгээрээс ХААИС-ийнИнженерийн сургуулийн Инженер механикийн III ангийн оюутан М.Хонгорзаяа, Машин механизмын ашиглалтын III ангийн оюутан Б.Буянжаргал /удирдагч багш Н.Золбоо/ нарын "Хуурсан арвайг тээрэмдэх тоног төхөөрөмж" сэдэвт бүтээл шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарсан байна.
Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн гол зорилго монголын шинийг санаачлагчдын бүтээлийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, тэднийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох явдал аж. Ингэснээр оюуны бүтээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг нээж өгнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү нар Чингисийн талбайд дэлгэгдсэн үзэсгэлэнтэй нэг бүрчлэн танилцсаны зэрэгцээ төр засгийн зүгээс татварын бодлогоор дэмжиж, монголдоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт чөлөөлөлт олгох замаар дэмжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдэв.Түүнчлэн УИХ-ын дарга шилдэг инженерүүд болон залуу зохион бүтээгчдэд шагнал гардууллаа.