“Гадаад хэл сурахад оюутнуудыг идэвхжүүлэх арга замууд” сэдэвт олон улсын бага хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2014-04-29 07:55:53

 “Гадаад  хэл сурахад оюутнуудыг идэвхжүүлэх арга замууд” сэдэвт олон улсын бага хурал боллоо
 
Байгалийн ухааны сургуулийн Гадаад хэлний төвөөс “Гадаад  хэл сурахад оюутнуудыг идэвхжүүлэх арга замууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /04 сарын 28-нд/ Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. Судалгааны орчныг бэхжүүлэх, залуу судлаачдыг чадавхижуулах, оюутнуудын гадаад хэл суралцах идэвхийг сайжруулахад хурлын зорилго оршиж байгаа аж.
Тус хуралд АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон улсаас уригдан ирсэн профессор багш нар болон  Боловсролын хүрээлэн, Хүмүүнлэгийн их сургууль, ШУТИС, Орхон их сургуулийн эрдэмтэн багш нар оролцож  судалгааны ажил,  заах арга зүйн туршлагаасаа хуваалцаж, санал солилцлоо.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд сургуулийн удирдлага оролцож, хэлсэн үгэндээ: “Энэ зуунд Монголчууд бидний эзэмших шаардлагатай боловсролын нэг нь гадаад хэл юм. Тиймээс ч энэ чиглэлийн сургалт, дамжаа олон болсон. Их, дээд сургуулийн бүх мэргэжлийн ангиуд, магистр, докторын сургалтын хөтөлбөрт гадаад хэлний хичээл багагүй хувийг эзэлж байна. Гэвч төгсөн гарч байгаа мэргэжилтнүүдийн гадаад хэлний мэдлэг төдийлөн шаардлага хангадаггүй. Тиймээс суралцагчдад хэрхэн үр дүнтэй гадаад хэл эзэмшүүлэх тухай багш, судлаач, оюутнуудыг урьж, энэ хурлыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ юм” хэмээн онцолсон юм.