ХААИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ТУС ИХ СУРГУУЛИЙН БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛААР ШИЙДВЭР ГАРГАВ
Тус ХААИС нь сургалт давамгайлсан их сургуулиас судалгааны их сургуульболон хөгжих зорилтыг 2013 оноос дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд салбар шинжлэх ухаан хоорондын интеграцчилалыг хөгжүүлэх, профессор багш, судлаачдын академик эрх чөлөөг хангах, хөтөлбөрт суурилсан сургалтын тогтолцоонд шилжих үүднээс тус их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох төслийн саналыг боловсруулсан ба уг төслийг Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
Одоогоор тус их сургуульд хэрэгжүүлж буй бакалаврын сургалтын 50 хөтөлбөрийг ЮНЕСКО-ын ангиллын дагуу 25 хөтөлбөрт багцалж цаашид хөтөлбөрт суурилсан бүтцийг бүрдүүлж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал одоогоор тус их сургууль нь 39 тэнхимтэй бөгөөд шинэчилсэн зохион байгуулалтаар 23 тэнхимтэй бүтцээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж тогтоожээ. Мөн үүнтэй уялдуулан тус их сургуулийн бүрэлдэхүүний 7 сургуулийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн чиглэл, салбар шинжлэх ухааны судлагдахуун зэрэгтэй нийцүүлэн Мал эмнэлгийн сургууль; Мал аж ахуй, биотехнологийн сургууль; Экологи, газар тариалангийн сургууль; Инженер, технологийн сургууль; Эдийн засаг, бизнесийн сургууль гэсэн 5 бүрэлдэхүүн сургуультай байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн их сургуулийн удирдлагын бүтцийг 6 дэд захиралтай байсныг сургуулийн үндсэн чиг, үүргийн хүрээнд нийцүүлэн сургалтын; эрдэм шинжилгээ, гадаад харилцааны; эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан 3 дэд захиралтай байхаар санал нэгтэй шйидвэрлэжээ.