Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлыг бууруулах асуудал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тиймээс экологид ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэлхийн эрдэмтэн судлаачид хайсаар байна. Уур амьсгалын дулаарал, байгалийн доройтлоороо дэлхийн улс орнуудаас дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа монголчууд эко үйлдвэрлэл эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэл гэж үзэх болсон. Энэ чиглэлд багагүй амжилт гаргаж байгаагийн нэг жишээ нь ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн инновацийн төслийн багийнхан ургамлын тосноос эко буюу биодизель түлш гарган авсан явдал юм. Тэд анх 2009 онд цэвэр ургамлын тосноос биодизель түлш гарган авах туршилтыг хийж байсан бол 2014 онд хаягдал ургамлын тосноос уг түлшийг гарган авч болдгийг амжилттай туршиж тогтоогоод байна. Түүнчлэн малын өөхөн тос, хаягдал хуванцар материалаас байгаль, экологид ээлтэй өртөг багатай биодизель түлш гарган авах ажлыг туршиж, импортыг орлох үйлдвэр нээх төсөл санаачлаад байгаа ажээ. Ингээд бид ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, “Дотоод шаталтын хөдөлгүүр” процессийн багийн “Ургамал, амьтны өөхөн тосноос биодизель түлш үйлдвэрлэх” инновацийн төслийн багийн ахлагч Г.Энхбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед ургамал, амьтны тосноос биодизель түлш гарган авах тухай нэлээд ярих болжээ. Таны хувьд хэзээнээс хаягдал ургамлын тосноос биодизель түлш гарган авах санаа төрсөн бэ?
-Би эхлээд товчхон түүх ярья гэж бодож байна. Дизель хөдөлгүүрийг анх зохиосон Р.Дизель гэж эрдэмтэн анхны хөдөлгүүрээ 1893 онд зохион бүтээсэн байдаг. Харин энэ хөдөлгүүрээ ургамлын гаралтай дизель түлшээр туршсан түүхтэй. Тэрээр 1912 онд “Ургамлын гаралтай дизель түлшийг газрын тосны гаралтай дизель түлштэй эн зэрэгцүүлж хэрэглэх цаг мөдхөн ирнэ” гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр дэлхий нийтэд газрын тосны нөөц хомсдоод ирэхээр ургамал, амьтны тос, хаягдал материалын гаралтай биодизель түлшийг хөгжиж буй орнууд өргөнөөр хэрэглэж байна.
-Энэхүү биодизель түлш, газрын тосноос гарган авдаг уламжлалт дизель түлшнээс юугаараа онцлог, давуу талтай юм бэ?
-Биодизель түлшний хэрэглээг нэмэгдүүлэх гол шалтгаан нь нэгдүгээрт ургамал, амьтны болон хаягдал материалын гаралтай биодизель түлшинд агаарыг бохирдуулдаг бодис бараг байхгүй гэж хэлж болно. Зарим үед бохирдуулагч бодисыг 50-60 хувь бууруулдаг талтай. Хоёрдугаарт, зууралдах шинж чанар өндөр байдаг учраас эд ангиа тослох чадвар нь илүү байдаг. Ингэснээр хөдөлгүүрийн нөөц, ашиглалтын хугацааг уртасгаж өгдөг. Ер нь хөгжингүй орны том хотуудын томоохон мөрнүүдээр дизель түлшээр ажилладаг усан онгоц явдаг. Мөн тэдгээр хотууд дизель түлшээр явдаг нийтийн үйлчилгээний автобуснууддаа биодизель түлшийг 100 хувь хэрэглэж байна. Учир нь биодизель түлш нь дээр хэлсэнчлэн давуу талтай төдийгүй экологийн цэвэр түлш юм. Үндсэндээ дэлхий нийтээр тулгамдаж буй хүлэмжийн хий, агаарын бохирдлыг үлэмж бууруулдаг учир уламжлалт дизель түлшний үйлдвэртэй эн зэрэгцэх ач холбогдол өгч, энэ төрлийн түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, төр засаг нь дэмжин ажиллаж байна.
-Манай улсын хувьд ганц, хоёр ААН биодизель түлшийг үйлдвэрлэж байгаа юм билээ. Төр засгаас дэмжих, зах зээлд нэвтрүүлэх боломж хэр байна вэ?
-Энэ талаар төр засгийн дэмжлэг их дутагдаж байна. Уг нь бидэнд дизель түлшийг орлуулах буюу импортын дизель түлшийг орлуулах тал дээр дотоод нөөц бололцоогоо ашиглаад хөгжүүлэх боломж байна. Тухайлбал, ресторануудын хаягдал ургамлын тос, мал, амьтны өөхөн тос, бусад хаягдал хуванцар материалыг урвалд оруулж биодизель түлш гарган авч, хэрэглээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Тиймээс бид өнгөрсөн жил БШУЯ-нд энэ чиглэлээр жижиг цехийн төсөл бичин санхүүжилт хүссэн. Гэвч дэмжигдээгүй. Энэ жил ахиад өгөхөд бэлэн болсон байгаа. Эхний ээлжинд нэг жижиг цех байгуулаад туршилтаар ажиллуулж, олон нийтэд таниулах шаардлагатай байна. Ер нь газар тариалангийн аж ахуй эрхлэгчид хаягдал материалаа ашиглаад, хаягдал тос аваад дизель болгон хөдөлгүүртээ хэрэглэх боломжийг бид харж байна. Хаягдал материал бол үнэгүй юм шүү дээ. Тэгэхээр өртөг, зардал бага гарна.
-Жижиг цех байгуулах төсөлд тань хэчнээн төгрөгний санхүүжилт шаардагдаж байгаа вэ. Цех байгуулснаар дотоодын дизель түлшний хэрэглээний хэдэн хувийг хэрхэн хангах боломж байна вэ?
-Зориулалтын тоног төхөөрөмжийг худалдан аваад үйлдвэрлэл явуулахад 80 гаруй сая төгрөг шаардагдаж байгаа юм. Германд бол тоног төхөөрөмж нь найдвартай, сонголттой бий. Хэмжээний хувьд ч янз бүр. Жижиг цехийг нүүдлийн чанартай хийсэн ч болно. Жишээлбэл, явуулын байдлаар сум, орон нутагт очоод өөх, өөхөн тос худалдаж аваад тэргэнцэр дээр тоног төхөөрөмжөө суурилуулан үйлдвэрлэлээ явуулан газар дээр нь биодизель түлш болгоод хүмүүст таниулж болно л доо. Үүнээс гадна хамгийн наад зах нь бид нийслэлийн утааг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс нийтийн тээврийн автобус болон дизелиэр явдаг бүхий л тээврийн хэрэгсэлд биодизель түлшээ түгээх хүсэлтэй байгаа юм. Учир нь газрын тосноос гаргаж авсан дизель түлш утаа их ялгаруулдаг. Үүнийг бууруулахын тулд мөн зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр биодизель түлшээр хангах боломж байгаа юм. Ингэхдээ дулааны улиралд 100 хувь хэрэглэж, хангаад байж болно. Харин өвлийн цагт царцах гээд байдаг тул уламжлалт дизель түлштэйгээ 20 хувь хольж хэрэглэх боломжтой юм. Ингээд ирэхээр үнэ өртөг нь хямд тусах давуу талтай. Бид эхний ээлжинд автобус компаниудын нэг баазад ч гэсэн турших саналтай байна. Ингээд зах зээлд нэвтрүүлэхэд өдөрт 100-300 литр түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цех хэрэгтэй. Цаашдаа 500-аас дээш литрийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.
-Явуулын байдлаар үйлдвэрлэж газар дээр нь хүмүүст үзүүлж болно гэж та хэллээ. Биодизель түлшийг үйлдвэрлэхэд хэдий хугацаа зарцуулагддаг юм бэ?
-Биодизель түлш гаргаж авахад түүхий эд маань 16 цагийн дотор урвалд орж түлш болдог. Тэгээд хэмжээнээсээ хамаараад хэр их үйлдвэрлэх нь тодорхой болно. Бид нөөц бололцоогоо ашиглаад 10-15 литр биодизель түлш үйлдвэрлэж болох тохируулалттай халаагуур савыг өөрсдөө худалдан авсан. Сайтар хутгаж урвалд оруулдаг учраас таган дахь хутгуурыг “монголчлоод” өөрсдөө бүтээсэн.
-Биодизель түлшийг гарган авах тогтсон хэмжээ, стандарт гэж байгаа байх. Ямар технологиор гаргаж авдаг вэ?
-Ургамал, мал амьтан, хаягдал хуванцар материалаас биодизель гарган авах технологи бол ижил. Ургамлын тосоор жишээлэхэд, халаасан тосоо спирттэй урвалд оруулдаг. Энэ нь метанол болон этанол байж болно. Өөрөөр хэлбэл модноос гаргаж авсан болон бусад материалаас гаргаж авсан спирт гэсэн үг. Харин энэ хоёрыг урвалд оруулах, тэр дундаа хурдан урвалд оруулахын тулд өөрөө урвалд ордоггүй катализатор гэх материал ашигладаг.
Ургамлын тосны хэмжээ бас бий. Биодизель түлш гаргаж авах технологийг бусад орнууд судлаад хэмжээ, нормыг тогтоосон байдаг. Жишээлбэл, нэг литр ургамлын тосонд 100-200 мл спирт хийгээд 5-7 гр катализатор нэмж өгнө гэсэн үг. Ингээд цаг тутам хутгаж байж урвалд оруулдаг юм.
-Та бүхэн хаягдал ургамлын тосноос биодизель гарган авч туршсан гэсэн. Энэ нь бусад материалаасаа юугаараа ялгаатай вэ?
-Бидний өнгөрсөн жил гаргаж авсан биодизель түлш маань гуанз, ресторанд ашиглаад хаясан ургамлын хаягдал тосноос гаргаж авсан нь юм. Үүний нэг онцлог нь титришн /titration/ гэх нэмэлт процессийг шаарддаг. Учир нь ургамлын тосыг олон дахин халаагаад ашиглах тусам өөхний чөлөөт хүчил нэмэгдсэн байдаг. Үүнийг биодизель түлш болгохын тулд энэхүү өөхний чөлөөт хүчлийг үгүй болгох нэмэлт ажиллагаа бий болдог юм. Тухайн тосонд хэдий хэмжээний өөхний чөлөөт хүчил агуулагдаж байгааг тооцоолоод нэмэлт катализаторынхоо хэмжээг тооцоолж гаргадаг. Ийм л ялгаатай. Бид үүнээс гадна одоогоор хаягдал хуванцар материалаас биодизель түлш гаргаж авах асуудлыг судалж байна. Тэгэхээр бид удахгүй Монголдоо энэхүү ажлыг турших болно. Үүнийг гадаадын 19-хөн настай эмэгтэй дэлхийд анх туршаад амжилттай таниулж, одоогоор эх орондоо ашиглаж байгаа жишээ бий. Гэхдээ өмнө нь хаягдал хуванцар материалаас түлш гарган авах боломжтой гэдэг онолыг Канад, АНУ-ын эрдэмтэд гаргасан байсан л даа. Мөн сүүлийн үед далайн замагнаас биодизель түлш гарган авч ашиглах талаар Хятад, Герман зэрэг орнууд туршиж эхэлж байна. Манай улсад энэ боломж байхгүй ч энд тэнд элбэг таардаг хаягдал хуванцар материалыг хайлуулаад шингэн болгож, урвалд оруулаад түлш болгох боломж их бий.
-Хаягдал ургамлын тосноос мэдээж бохир ялгардаг шүү дээ. Тэрийг нь бас ашиглах боломжтой байдаг гэж сонссон юм байна?
-Урвалд оруулах үед тосны цэвэр нь дээрээ ялгарч харин бохир буюу дахивар өтгөн глицерин нь дор нь тунаж үлддэг. Үүнийг бас ашиглах боломж бий. Та бүхэн глицеринийг гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг гэдгийг мэдэх байх. Гэхдээ дан ганц хаягдал ургамлын тос гэлтгүй өөхөн тос, ургамлын цэвэр тосыг урвалд оруулахад 10 хувь нь глицерин болдог. Тэгэхээр бид үүнийг бас гоо сайхны үйлдвэрүүдэд өгөх боломж байгаа юм. Ер нь бол 100 хувь хаягдалгүй үйлдвэрлэл л дээ.
-Хаягдал материал гэхээр хүмүүсийн хэрэглээд ашиглахгүй болсон үнэгүй зүйлс гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, түүхий эд нь үнэгүй учир зах зээлийн өртөг нь хямд тусах байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Улаанбаатарын гуанз, ресторануудад хаягдал тос их гардаг. Хүмүүс уусан ус, ундааны саваа хаяж байна. Ингээд түүхий эдээ үнэгүй олох боломжтой учраас зах зээлийн өртгөөс хоёр дахин хямдаар худалдаалах нь ойлгомжтой юм. Мөн өөхөн тосоо ч бас хямдаар худалдан авах боломж, нөхцөл бүрдэх юм бол мөн адил хямд л байна.
-Ургамлын тос гэлтгүй манай улсын хувьд мал аж ахуйн орон учраас өөхөн тосыг ашиглах нь эдийн засгийн бас нэгэн шинэ боломж байх шиг байна. Учир нь сүүлийн үед малчид малын гаралтай тосоо хэрэглэхээс илүү ургамлын тосыг хүнсэндээ өргөнөөр хэрэглэх болсон шүү дээ. Тэгэхээр үүнийг зах зээлийн эргэлтэд оруулах нь малчид болоод улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж мэдэх юм?
-Бид энэ талаар тооцоо судалгаа хийсэн. Жилдээ 26100 тонн мал, амьтны өөхөн тосны нөөц бүрдүүлж болох тооцоо гарсан. Үүнээс 19500 тонн биодизель түлш гарган авах боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөрт 114 литр, жилд 30 мянган литрийг үйлдвэрлэнэ. Ингэхээр мал амьтны өөхөн тосоор биодизель түлшний 60 шахам хувийг бүрдүүлэх боломжтой байгаа юм. Өнөөдөр манай улсын хөдөө орон нутгийн айл өрхүүд ч, хотынход ч идшээ идээд өөхөн тосоо бараг үнэгүй шахуу болгож байна. Үүнийг энэ мэтчилэн эргэлтэд оруулах асар их боломж байна л даа. Бид төслөө хэрэгжүүлбэл хамгийн түрүүнд өөхөн тос цуглуулах болно. Манай улс 50 гаруй сая малтай. Жил бүр хүнсний хэрэгцээнд маш олон тооны мал нядалгаанд орж байна. Түүнчлэн өөхийг жил бүр худалдан авдаг нэгжүүд бий болгож ажиллах хүсэлтэй байгаа. Дээр хэлсэнчлэн улсын нөөцийг ямартай ч хангаад байх боломж өндөр л дөө. Магадгүй малын өөхөн тосны нөөц дутагдлаа гэж бодоход ургамлын болон хаягдал хуванцар материалын нөөцөөр нөхөх боломж бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын “Импортыг орлох бүтээгдэхүүн” бүхий инновацийн төслийг дэмжих энэ ажилд манай туршилт үнэтэй хувь нэмэр оруулах байх гэдэгт итгэж байна.
-Биодизель түлш агаарын бохирдлыг бууруулдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр утаа ялгаруулдаггүй эко гэж ойлгож болох уу?
-Тийм. Утаа гэлтгүй энэ маань өөрөө зууралдах шинж чанар ихтэй учраас тоосонцор, мананцар хэлбэрээр шүршигдэхгүй гэсэн үг. Ингэхээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс хот, суурин газруудын тээврийн хэрэгслийг биодизель түлшээр ажиллуулж эхэлбэл их зүйтэй санагддаг.
Гадаадын олон эрдэмтэд усан онгоцноос болж далайн ус ихээр бохирдож байгааг хэлж байна. Учир нь уламжлалт дизель түлшний утааны бохироос болж байгаа юм. Одоогоор далайд том, том хөдөлгүүртэй, дор хаяж цагт хоёр мянган литр түлш ашигладаг зургаан сая гаруй усан онгоц хөвж байгаа. Тиймээс экологичид далайн усан онгоцыг биодизель түлшээр ажиллуулахыг шаардаж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бид Монголдоо имтортыг орлох бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал дэлхийн дулаарал, агаарын бохирдолыг бууруулахад хувь нэмрээ оруулж экспортод гаргахыг үгүйсгэхийн аргагүй юм. Мөн эх орондоо амжилттай хэрэгжүүлж буй энэ туршилтаа АНУ-ын агаарын бохирдолтой тэмцэх “ИФА” төвд хандан дэлхий нийтэд таниулахад дэмжлэг хүсэх боломжтой.
-Та бүхэн анх биодизель түлшээ 2009 онд туршсан гэсэн. Монголдоо анхных уу. Патент авсан уу?
-Харамсалтай нь бид анх энэ ажлыг туршчихаад хөөцөлдөж чадалгүй патентаа алдсан. Манай туршилтыг хийж байсан оюутан магистраа хамгаалчихаад үүнийг хөөцөлдөлгүй Солонгос явсан юм. Гэтэл биднээс ирж зөвлөгөө авч байсан компанийнхан патент авсан байна лээ.
-Ярилцсанд баярлалаа.
П.Мөнхжаргал | Гэрэл зургийг Ц.Баярбаатар