Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт санал авах
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 хэсгийн 2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай.
2.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /С.Батболд/-нд үүрэг болгосугай.
Гарын үсэг
Улсын Их Хурлын 2015 оны
.. дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ
БОДЛОГО
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн.
1.2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.
1.3.Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ дараах зарчмыг баримтлана:
- хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх;
- хүний нөөцийг тасралтгүй чадавхижуулсан байх;
- үйлдвэрлэл нь судалгаа ба хөгжилд тулгуурласан байх;
- хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хамгаалсан байх;
- үйлдвэрлэлийг өртгийн сүлжээгээр хөгжүүлсэн байх;
- эрсдлийг бууруулахад чиглэгдсэн байх.
1.4.Төрөөс хүнс хөдөө, аж ахуйн талаар баримтлах бодлогыг хөгжүүлэхэд дараах чиглэлийг баримтлана:
1.4.1.уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг зонхилон, хот суурин, газар тариалангийн бүс нутагт эрчимжүүлсэн аж ахуйг эрхлэх, нөөцийг зохистой ашиглах хөгжлийн загварт суурилсан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
1.4.2.газар тариалангийн талаар баримтлах бодлогын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
1.4.3.хүнсний үйлдвэрийн талаар баримтлах бодлогын зорилго нь хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялгийг дэвшилтэт технологи ашиглан үр ашигтай боловсруулж, чанар, эрүүл ахуйн баталгаатай бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх;
1.4.4.судалгаа ба хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх;
1.4.5.хүний нөөцийн талаар баримтлах бодлого нь мэргэжилтэн бэлтгэх, нийт ажиллагсдыг мэдлэгжүүлэх менежментийг сайжруулах, тэдгээрийн ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх.
Хоёр. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээнд:
2.1.1.мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх нөхцөл, үр ашгийг сайжруулж эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх;
2.1.2.мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд газрын харилцаатай холбоотой үүсч байгаа хүндрэлийг шийдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
2.1.3.мал аж ахуйн салбарын хөгжил дэх төрийн оролцоо, дэмжлэгийн чиглэл, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хариуцлагыг тодорхой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
2.1.4.малын генетик нөөцийн бүртгэл, төлөв байдал, ашиглалт, хамгаалалтын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох;
2.1.5.малын тоо, төрөл, бүтэц, бэлчээрийн даац, тэжээл, усан хангамж, малын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг татвар, даатгалаар дамжуулан бүрдүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэл даах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх;
2.1.6.малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулж нэгжээс авах ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах;
2.1.7.мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх стратеги баримтлах, халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чадварыг сайжруулах;
2.1.8.малыг эрүүлжүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээний анхан шатны нэгжийг чадваржуулах, мал эмнэлгийн клиник үйлчилгээг өргөжүүлэн малын өвчний улмаас учрах хохирлыг бууруулах;
2.1.9.малыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолыг төрүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх хөдөөгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх.
2.2.Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүрээнд:
2.2.1.мал аж ахуйн үйлдвэрлэлээс мал, амьтан, мах, сүү, өндөг, зөгийн бал, дайвар түүхий эд, бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, хүнсний бус бусад түүхий эдийг дотоодын боловсруулах үйлдвэр болон зах зээлд нийлүүлэх;
2.2.2.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг түүний чанар, аюулгүй байдалтай уялдуулах;
2.2.3.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх;
2.2.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах бүртгэл, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг төлөвшүүлэх.
2.3.Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүрээнд:
2.3.1.дотоодын үйлдвэрлэлийг мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эдээр хангах;
2.3.2.мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай машин, техник, тоног төхөөрөмж, шинжилгээний багаж хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хөрөнгийг нэмэгдүүлэх, эдгээрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, сунгах эрх зүйн орчинг бүрдүүлж дэмжих;
2.3.3.стратегийн хүнсний улирлын нөөцийг эрэлт нийлүүлэлт, хэрэглээний онцлог, зах зээлийн зарчимд нийцүүлэн, хувийн хэвшлийн оролцоотойгоор бүрдүүлэх;
2.3.4.махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг дотоодын хангамж, улирлын нийлүүлэлтээс хамааруулан тогтоох, мах гулуузаар экспортлохыг хязгаарлах;
2.3.5.малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодисын хяналтыг сайжруулах;
2.3.6.үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;
2.3.7.сүүн бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг үе шаттай нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах;
2.3.8.малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сүлжээнд хяналт, удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, түүний баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх;
2.3.9.малын гаралтай түүхий эдийн ашиглагдаагүй нөөцийн (дотор мах, дайвар бүтээгдэхүүн, яс, цус, бог, ингэ, гүүний сүү гэх мэт) боловсруулалтыг нэмэгдүүлэх;
2.3.10.малын гаралтай түүхий эд (мах ангилах, шулах, сүү хөргөх, уламжлалт цагаан идээ боловсруулах гэх мэт)-ийн анхан шатны, хагас боловсруулалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;
2.3.11.бэлчээрийн малын махыг дэвшилтэт технологиор боловсруулж, гадаад зах зээлд “Монгол брэндийн органик мах, махан бүтээгдэхүүн” нийлүүлэхийг дэмжих.
Гурав. Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл
3.1.Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүрээнд:
3.1.1.тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг тогтоох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
3.1.2.хөрс боловсруулах цомхотгосон болон тэг технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар нэвтрүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын үйлдвэрлэл, үйл ажиллагааг дэмжих, таримлын зохистой сэлгээг мөрдөж, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;
3.1.3.бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын сортын үрээр дотоодын хэрэгцээг хангах;
3.1.4.дэвшилтэт технологид суурилсан техник, тоног төхөөрөмжийг тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээмжийг дээшлүүлэх, техникийн зарим эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, угсрах;
3.1.5.гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх.
3.2.Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн хүрээнд:
3.2.1.буудай, төмс, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх, хатуу буудай тариалж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах;
3.2.2.үр тариа, тэжээлийн таримлыг хүнс, эрчимжсэн мал аж ахуйн хөгжилтэй уялдуулж, эмийн болон ашигт таримлыг зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан тариалах;
3.2.3.өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах;
3.2.4.жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, чацарганы брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн зах зээлд гаргах;
3.2.5.татвар, урамшууллын механизмыг ашиглан дотоодын үйлдвэрлэлийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах.
3.3. Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүрээнд:
3.3.1.хүн амын хэрэгцээнээс давсан гурил, гурилан бүтээгдэхүүнийг экспортлох;
3.3.2.ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сүлжээнд хяналт, удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, төлөвшүүлэх;
3.3.3.ургамлын тосонд ногдуулах импортын татварыг үе шаттай нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах;
3.3.4.экологийн цэвэр орчинд ургуулсан төмс, хүнсний ногоо, байгалийн жимсийг шилдэг, дэвшилтэт технологиор боловсруулж, гадаад зах зээлд “Монгол брэндийн хүнс” нийлүүлэхийг дэмжих;
3.3.5.ургамлын гаралтай түүхий эд (төмс, хүнсний ногоо, жимс, самар, цайны ургамал цуглуулах, ангилах, ялгах, цэвэрлэх, савлах гэх мэт)-ийн анхан шатны ба хагас боловсруулалт, борлуулалтын сүлжээг хөгжүүлэх;
3.3.6.зохицуулах үйлчилгээтэй болон органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих;
3.3.7.иргэд төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, жимсгэнэ тарих, нөөшлөх, хадгалах, зоорилох, мах нөөцлөх зэргээр өрхийн хүнсний хангамжаа сайжруулах оролцоог нэмэгдүүлэх.
Дөрөв. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, шим тэжээл
4.1.Хүнсний сүлжээний бүх үе шатанд хадгалалт, тээвэрлэлтийн стандарт шаардлага хангасан ложистик сүлжээг дэмжих;
4.2.Хүнсний худалдааны үе шат хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх;
4.3.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад олон нийтэд, иргэдэд түшиглэсэн хяналтыг дэмжих;
4.4.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний импортод татвараар, эерэг нөлөөтэй бол татаасаар зохицуулалт хийх;
4.5.Хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжих;
4.6.Хүн амын хоол, хүнсний талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсээ сонгох, хэрэглэх, хадгалах хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх;
4.7.Хүнсээр дамжуулан хүний эрүүл мэндэд хохирол учруулж буй зөрчилд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, зөрчилтэй эвлэрсэн ойлголт, хандлагыг өөрчлөх, тавигдах шаардлагыг өндөрсгөх, энэ чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах;
4.8.Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл, чанар, эрүүл ахуй, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, хадгалалтын эрсдлийн нөхцөл байдлыг үнэлэх, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн, хамтын ажиллагааг идэвхжүүлсэн стратеги хэрэгжүүлэх;
4.9.Монгол орны хөрсөнд ургасан байгалийн ашигт болон таримал ургамал, мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хүнсний найрлага, шим тэжээлийн агууламжийг тогтоох, үндэсний нэгдсэн лавлагааны сан бий болгох;
4.10.Дэлхий нийтээр хэрэглээнээс хасаж буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах талаар нөлөөлөх.
Тав. Судалгаа ба хөгжил
5.1.Салбарын судалгаа ба хөгжлийн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх;
5.2.Нээлттэй лабораторид суурилсан био, нано технологийг хөгжүүлж оюуны багтаамж өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх;
5.3.Инновацийн бүтээгдэхүүний санхүүжилтийн зарчим, арга замыг тогтоож эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
5.4.Шинжлэх ухаанд суурилсан ногоон үйлдвэрлэл-бизнес, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх;
5.5.Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн технологийн инкубатор, загвар аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх;
5.6.Салбарын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны материаллаг орчин нөхцөлийг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламжийн хөрөнгийг нэмэгдүүлэх;
5.7.Олон улсын жишигт хүрсэн судалгааны нарийвчилсан арга, технологийг эзэмшсэн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, салбарын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих.
Зургаа.Хөрөнгө оруулалт, худалдаа
6.1.Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалтын асуудлаар дараах нийтлэг бодлого баримтална:
6.1.1.улсын төсвөөс хөдөө аж ахуйн салбарт зарцуулах хөрөнгийг улсын төсвийн 3-4 хувьд хүргэх;
6.1.2.орон нутгийн төсвөөс хөдөө аж ахуйн салбарт зарцуулах хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх;
6.1.3.өртгийн сүлжээний санхүүжилтийн цогц бүтцийг бий болгож, шаардлагатай шатанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
6.1.4.өртгийн сүлжээг тэргүүлэгч аж ахуйн нэгжээр дамжуулан хөгжүүлэх;
6.1.5.эрсдэлийг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулахад даатгал, давхар даатгалын тогтолцоог цогц байдлаар нэвтрүүлэх;
6.1.6.дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах хөрөнгө оруулалтыг дэмжих;
6.1.7.хөдөө аж ахуйн салбарт санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, төлөвшүүлэх;
6.1.8.хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг бүс нутаг, ач холбогдол, чанар, бусад хүчин зүйлд суурилан эрэмбэлэн дэмжих;
6.1.9.уул уурхайн татварын орлого, нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрөөс хөдөө аж ахуйн салбарын судалгаа хөгжлийн сан бүрдүүлж зарцуулах.
6.2.Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь худалдааны асуудлаар дараах нийтлэг бодлого баримтална:
6.2.1.дотоодын үйлдвэрлэлийг төрийн дэмжлэг, тарифын болон тарифын бус зохицуулалтаар хамгаалах;
6.2.2.хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах хүрээнд бүс нутгийн болон олон улсын байгууллагад гишүүнээр элсэх;
6.2.3.зорилтот зах зээл бүхий гадаад улс, бүстэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааг хөнгөвчлөх;
6.2.4.хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны зарчмаар хөгжүүлэх;
6.2.5.хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэн алслагдсан бүс нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих;
6.2.6.мал, амьтан, таримал ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн бирж, дуудлага худалдаагаар арилжаалах тогтолцоонд шилжүүлэх;
6.2.7.хөдөө аж ахуйн гаралтай газарзүйн заалттай, органик, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, маркетингийг идэвхижүүлэх;
6.2.8.хөдөө аж ахуйн хорио цээрийн хэлэлцээрийн нөхцөлийг сайжруулах, шинэчлэх, шинээр байгуулах;
6.2.9.өндөр эрсдэлтэй халдварт өвчнийг хяналтад авах, эрүүлжүүлэх стратегийг бүсчлэн хэрэгжүүлж, мал, амьтны халдварт өвчний тохиолдлыг эрт илрүүлэх чадавхийг бэхжүүлэх, халдварт өвчингүй тайван байдлыг тодорхой бүс нутгаар баталгаажуулан дотоод, гадаад худалдаанд үүсэж буй хориг саадыг арилгах;
6.2.10.хүнсний сүлжээний бүх үе шатанд зохистой дадал нэвтрүүлэх, ул мөрийг мөрдөн тогтоох тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх.
Долоо. Хүний нөөц
7.1.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийн асуудлаар дараах нийтлэг бодлого баримтална:
7.2.Ажилчдын ахуй амьдралаа сайжруулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах, үйлдвэрлэлээ өргөтгөх, хорших санаачилгыг дэмжих, таатай нөхцөлийг бүрдүүлэх;
7.3.Малчин, мал зүйч, зохиомол хээлтүүлгийн техникч, малын эмч, санитарчийн хөдөлмөрийг хүнд, хортой нөхцөлд хамааруулах, гэрээт малчдын нийгмийн хамгааллын баталгааг ажил олгогчоор хангуулах;
7.4.Малчин, мал бүхий этгээдийн өмч хөрөнгийг сайн дурын болон албан журмын даатгалд даатгуулах хүрээг нэмэгдүүлж болзошгүй эрсдлээс хамгаалах;
7.5.Малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх;
7.6.Мэргэжилтэй ажилтан, тариаланчид, агрономич, инженер техникийн ажилчдыг бэлтгэх, ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх, давтан сургах;
7.7.Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, инженер техник болон мэргэжилтэй ажилтны төгсөлтийн дараах болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулах, сургалтын агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, ажлын байрны болон зайн сургалтыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, мэргэшлийн зэрэг олгох;
7.8.Мэргэжилтэй ажилчин бэлтгэх бодлогыг үйлдвэрийн хүний нөөцийн хэрэгцээ, захиалгатай уялдуулж, үйлдвэрлэлийн дадлагыг сургалттай хослуулахад чиглүүлэх.
Найм.Хүрэх үр дүн
|
Шалгуур үзүүлэлт
|
2014 суурь он
|
2020
|
2025
|
1
|
Хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 жилийн дундаж өсөлт
|
12%
|
15%
|
20%
|
2
|
Нийт төсөвт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь, (%)
|
2%
|
3%
|
4%
|
3
|
Нийт сүрэгт үхрийн эзлэх хувь
|
6.7%
|
8%
|
10%
|
3
|
Бэлтгэсэн мах, мянга тонн
|
294.5
|
380
|
460
|
4
|
Нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний эзлэх хувь, (%)
|
9%
|
30%
|
50%
|
5
|
Эргэлтийн талбай, мянган га
|
769
|
960
|
1050
|
6
|
Буудайн га-гийн ургац
|
16.9
|
17.3
|
20
|
7
|
Хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшин, (%)
|
54%
|
70%
|
100%
|